Monday, February 2, 2009

Эссэ 4. Төрийн захиргааны шинэтгэл амьдрал дээр......

Эссэ 4. Төрийн захиргааны шинэтгэл амьдрал дээр......
Юуны өмнө манай төрийн захиргаанд шинэтгэл хийх хэрэгтэй болсоныг дурьдах нь зүйтэй юм. Миний бие төрийн байгууллагад ажиллаж байгаагүй ч иргэн хүнийхээ хувьд төрийн үйлчилгээг тодорхой хэмжээгээр авдаг бөгөөд сайн муу талыг нь хараад дотроо дүгнээд л өнгөрдөг болохоос хэлж ойлгуулж, санал хүсэлтийн дэвтэрт нь санал бодлоо бичиж байсан удаа байхгүй. Энэ нь иргэд өөрсдийн эрх ашгийн төлөө байр сууриа илэрхийлдэггүй, иргэний хяналт гэдэг зүйлийг тэр бүр мэддэггүйтэй холбоотой юм. Гэхдээ төрийн захиргааны байгууллагыг хавтгайруулан буруушааж болохгүй ээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өөрчлөгдөн, шинэчлэгдэж сайжирч байгаа боловч үр дүн нь хангалтгүй байгаа нь хэн бүхний нүдэн дээр ил байна. Ямар нэгэн шинэ ажил санаачлан түүнийгээ нэвтрүүлж байгаа ч эцсийн эцэст зорьсон үр дүндээ хүрэхгүй байгаа нь тухайн бодлого шийдвэр алдаатай байгаагийн шинж юм.
Жишээ нь: Өнгөрсөн онд улсын төсвөөс 5 тэрбум гаруй төгрөгийг агаарын бохирдолыг арилгах төслийн ажилд зориулсан боловч үр дүнд хүрээгүйгээр барахгүй, бүр ихсэж, харин ч уг төслийн ажлыг гардан зохион байгуулсан төрийн захиргааны ажилчин албан хаагчидын халаасыг түнтийлгээд өнгөрсөн нь хэн бүхний нүдэн дээр ил байгаа нь тодорхой. Манай улс өнгөрсөн жилээс л агаар нь ингэж ихээр бохирддог болсон юм биш ээ. 1990 оны “Ардчилал”-ын буянаар хүн бүхэн хүссэн газраа амьдрах болсоноор нийслэл “Улаанбаатар” хотод хүн амын хэт төвлөрөл бий болж, үүнийгээ даган гэр хороолол тэлсэн, мөн хувийн өмчтэй болсоноор авто машины тоо ихсэж /хотын хэмжээнд өдөрт дунжаар 120 гаруй мянган автомашин замын хөдөлгөөнд оролцдог/ тэр хэмжээгээрээ хотын утаанд “хувь нэмрээ өгсөөр” байна. Эндээс харахад өнөөдрийг хүртэл 18 жилийн турш нэг сая гаруйхан хүн амтай өргөн уудам газар нутагтай нийслэл хот маань хорт утаандаа дарагдан ямар ч арга хэмжээ авсан “төр болон төрийн захиргаа” маань үнэхээр хүчин мөхөсдөж байна. Гэтэл 2 тэрбум гаруй хүн амтай хил залгаа орших БНХАУ 2004 онд зуны олимпын наадмын эрх авсанаас хойш 4 жилийн дотор үйлдвэрлэлийн болон автомашинаас ялгарах утааг 90 хувь багасгаж чадсан нь биднийг төдийгүй дэлхийн улс орнуудын анхаарлыг татсан юм. Ямар арга хэмжээ авсан нь ийм байдалд хүргэв? хэмээн сонирхож байгаа байх. Мэдээж, тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулах нь ойлгомжтой ч хамгийн гол нь иргэдийн оролцоог маш оновчтойгойгоор нэмэгдүүлж, тухайн ажил хариуцсан албан тушаалтанд өндөр шаардлагатай, эргээд хариуцах хариуцлагын өндөр тогтолцоотой байсан нь үр дүнд хүрэх хамгийн гол хөшүүрэг болсон юм аа хэмээн холбогдох албаны хүмүүс мэдэгдсэн байна. Тухайлбал: Хүнд үйлдвэрүүдийг хотын төвөөс гаргах, улсын дугаар нь тэгш тоотой автомашинуудыг тэгш тоотой өдөр явуулах, гүйлт нь дууссан буюу хөдөлгүүрээс утаа ихээр гаргадаг тээврийн хэрэгсэлийг замын хөдөлгөөнд оруулахгүй байх зэрэг.
Эндээс дүгнэхэд:
Бүтээе, сайжруулъя гэсэн тодорхой ажлуудыг санаачлан хийж байгаа нь сайшаалтай ч нөгөө л үр дүнгүй, хариуцсан эзэнгүй үлддэг нь төрийн захиргааны хэрэгжүүлж буй бодлого буруу байгаагийн илрэл бөгөөд энэ нь эцэстээ тухайн төслийг хэрэгжүүлэх тендер эзнээ олоогүй, эсвэл эзнээ олоогүй тендерийн эрхийг өгсөн албан тушаалтан өөрийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргасан нь энэ бүх үр дүнгүй ажлын эхлэл болж байгаа юм. Ийм учраас төрийн захиргааны шинэтгэлийг эхлүүлж, үндэс сууриар нь өөрчлөх хэрэгтэй. Гэхдээ энэ нь албан хаагчдыг халж солих гэсэн үг биш юм.
Зах зээлийн эдийн засгийн хурдацтай хөгжлийн энэ үед төрийн албан хаагчид байнга сурч боловсорч, мэдээлэл технологийг өргөнөөр хэрэглэн, шудрага өрсөлдөөнийг зорилгоо болгосон тогтолцоог иргэний зориг гарган ажил үйлчилгээндээ нэвтрүүлэх хэрэгтэй байна. БНСУ-ын Сөүл хотын дарга Го Кун-ы /номны 69-р тал/ авч хэрэгжүүлсэн арга нь цагаа олсон зөв зүйтэй алхам байсан боловч үүнээс том алхам нь энэ ажлыг хийх ёстой гэсэн “Иргэний зориг” гаргаж чадсан нь шинэтгэлийн суурь нь гэж би бодож байна. Эх орноо гэсэн ганцхан хүний бүтээлч сэтгэхүй асар их хөрөнгө мөнгө зарсанаас ч илүү үр дүнд хүрдгийн тод жишээ.
Тиймээс дахин хэлэхэд: бид бусад орнуудын тулгамдсан асуудлуудаа шийдэхэд хэрэглэсэн аргуудыг хуулбарлан авч хэрэгжүүлж болох ч хамгийн гол нь тэр ажлыг хийх өчүүхэн ч гэсэн зоригийг “Зоригтой”-гоор гаргаж эхлүүлэх хэрэгтэй байна. Магадгүй эндээс л манай “Төрийн захиргааны шинэтгэл”-ийн эхлэл ч болж болох юм.



Ашигласан ном зүй:
Ч.Сосормаа. “Төрийн захиргаанаас нийтийн захиргаа руу”

No comments:

Post a Comment

Ерөнхийлөгчийн шинэхэн зөвлөх Ч.Сосормаа: Гол нь иргэдээ сонсдог байх хэрэгтэй юм байна

http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=1287 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх...