Монгол орон хүн үүссэн өлгий нутгийн нэг хэмээн тооцогддог билээ. Улаангомын сав газар бол эртний их түүхтэй, соёл иргэншлийн өлгий болсон нутаг юм. Хархираагийн нуруунаас буусан олон голуудын үржил шимт хөндий . Улаангомын сав нутаг нь нэн эртнээс хүн оршин амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлсэн бүс нутаг байж түүхийн олон үеийн дурсгалыг өөртөө агуулсаар иржээ.Монгол алтайн нуруу, их нууруудын хотгор нь эртний хүмүүсийн өлгий нутгийн нэг байсан нь Монгол төдийгүй дэлхийн хэмжээнд яригдах цөөн хэдэн дурсгалууд эндээс олдсонтой холбоотой. Тэр дундаа Улаангомын хэмээн тодотгогдох Чандманий соёл бол Монгол, Төв ази төдийгүй дэлхий дахины хэмжээнд яригдах бие даасан цогцолбор соёлын нэгэн мөнөөс мөн ажээ.
Эл дурсгал нь хүрэл, төмрийн түрүү үеийн хоёр томоохон иргэншил болох дорнод монголын дөрвөлжин булш, дундад азийн скифийн соёл иргэншилийн холбоосон дээр оршиж тэр утгаараа энэ хоёр соёл иргэншлийн агуулгыг аль алины нь онцлогийг өөртөө агуулсан ихээхэн өвөрмөц онцлог бүхий дурсгал.Монголын төмөр зэвсгийн түрүү үе буюу мэө VII-III зууны үед холбогдох иж бурэн дурсгал бол Увс аймгийн Улаангом хотын дэргэдэх Чандмань ууланд буй цогцолбор соёл юм. Анх 1972 онд Улаангом хотноо газар шорооны ажил хийж байсан хүмүүс барилгын шороо хайрга Чандмань уулын бэлээс авах үед дүнзэн хашлагатай булш ил гарч, ийм булш байгааг олж мэдсэн ажээ. Чандмань уул далайн түвшнээс дээш 1100 өндөр, улаан боржин чулуунаас тогтсон бөгөөд эртнээс нааш тахилгатай байсан нь олон зүйлээр илэрч байдаг.Мөн онд энэ тухай Г.Жамъян, Т.Бямбадорж нар Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнд мэдээлсэн ажээ. Уг мэдээллийн дагуу доктор Д.Дорж газар дээр нь ирж тандалт үзлэг хийн томоохон дурсгал мөн болохыг нь тогтоож, дараахан Д.Наваан, В.В.Волков нарын удирдсан "Монгол-Зөвлөлтийн хамтарсан хээрийн шинжилгээний хүрэл төмрийн түрүү үе судлах анги" судлан шинжсэн байна.1972-1974, 1981-1982 онуудад нийт 56 булш малтан шинжилсэн ажээ. Энэхүү дурсгалыг судлан шинжээд эндээс олдсон дурсгалуудыг адил төстэй дурсгалуудтай харьцуулан судлаад бие даасан соёл мөн болохыг тогтоон "Чандманий соёл" хэмээн нэрийджээ. "Чандманий соёл" нь МЭӨ VII-III зуунд холбогдоно. "Чандманий соёл"-ыг тусгайлан олон жил судалсан хүн бол археологич Л.Цэвээндорж юм. Уулын эргэн тойронд түүхийн олон үед хамаарах 300 орчим булш, хөшөө дурсгалтай бөгөөд 70 гаруй булшийг малтан шинжээд байна. Чандмань уулын булшийг гадаад хэлбэр, булшны зохион байгуулалт, үхэгсэдийг хэрхэн оршуулсан зан үйл зэргийг нь шалгуур болгон дөрөв ангилсан байна.1. Том дөрвөлжин чулуун далантай булш: Пирамид хэлбэрийн том чулуун далантай булш Чандмань уулнаа арав гаруй байгаа бөгөөд энэ төрлийн булшнаас төлөөлөл болгон хамгийн хойт захын нэгэн булшийг малтан шинжилсэн байна. Энэ булш 10x10 хэмжээтэй төв дундаа 1 м, захаараа 0,5 м өндөр пирамид хэлбэрийн чулуун -далантай бөгөөд далангийн суурь, хормойн дөрвөн талыг дунджаар 1,1x0,7x0,5 хэмжээтэй чулуугаар чигжиж овоолон бутээсэн байна. Булшны төв хэсэг дэх бунхнаас хүн амьтны эмх замбараагүйгээр байрласан яс их хэмжээгээр гарсан бөгөөд тонуулчид бусниулсан нь мэдэгдэнэ.2. Чулуун далантай авсгуй булш: Энэ төрлийн булш нь чулуун далангийн дор 1,3-1,8 м гүнд нүх ухаж дотор нь эр, эм хоёр хүнийг нэгийг нь хөлийг нь атийлган баруун ба зүүн хажуугаар нь хэвтүүлж толгойгоор нь баруун хойд зүгт хандуулсан, нөгөөг нь хоёр хөлийг нь жийлгэж хоёр гарыг нь биеийг нь дагуулан гэдрэг харуулж хэвтүүлээд толгойгоор нь мөн хойд зүгт хандуулсан байдалтайгаар зохион байгуулсан байх ажээ.3. Жижиг чулуун австай булш: Энэ төрлийн булшнаас Чандмань уулнаа 20 гаруйг малтан шинжилжээ. Эдгээр булш нь газрын хөрснөөс авсыг таглаж тавьсан чулуу нь ил гарсан байдлаар мэдэгдэх бөгөөд 0,8-1 м-ийн гүнээс чулуун авс гардаг. Чулуун авсанд гол төлөв 1-2 хүнийг хоёр хөлийг нь ихэд атийлган баруун буюу зүүн хажуугаар нь хэвтүүлж, толгойгоор нь баруун хойд зүт хандуулан тавьдаг байжээ. Зарим булшнаас хүний бүтэн яс гараагүй боловч антропологийн судалгаанаас үзэхэд хэд хэдэн өөр хүний яс байсан нь их сонирхолтой юм. Энэ төрлийн булшнаас хүрлээр хийсэн бэл, арал, хутга, чинжаал, байлдааны зээтүү, гурван хянгатай шөрөгт зэв, гоёл чимэглэл, гоёл чимэглэл, саадагны гох, ясаар хийсэн шөрөг, хавтгай ясан ялтас, сумны ясан зэв, төмөр хутга, шөрөг, хадаас, явуу, алаг бөөртэй шилэн эрхи, шавар ваар сав зэрэг эд өлгийн зүйлс олдсон байна.4. Дунзэн бунхантай шороон булш: Дүнзэн бунхантай булшыг гүн ухаж дотор нь 2,5-3 м орчим урттай бүдүүн шургаагаар дүнзэн бунхан барьж түүнийгээ мод, чулуугаар маш нямбай шаллаж оршуулга үйлдээд бүдүүн урт сургаагаар таглаж хийсэн байна. Бунхан дотор 10 хүртэл хүн оршуулсан байх ба эрэгтэй, эмэгтэй хүн хүүхдийг ч хамт оршуулсан байдаг. Энд оршуулж буй хүнийхээ толгойг баруун буюу баруун хойд зүгт хандуулан хоёр хөлийг ихэд атийлган чулуун дэр дэрлүүлж тавьдаг өвөрмөц зан үйл ажиглагддаг. Дүнзэн бунхантай булш нь газрын хөрсөн дээр ил гаргаж барьсан далангүй, гаднаас нь хараад булш байна гэж ялгаж таних шинж тэмдэггүй учир тоногдсон нь цөөн, анх хийсэн янзаараа бүрэн бүтэн, дагалдуулж тавьсан эд өлгийн зүйлс нь бүрэн байдаг учир эрдэм шинжилгээний хувьд онц сонирхолтой.Зарим нэгэн онц сонирхолтой булшны талаар дэлгэрэнгүй өгүүлбэл, 46-р булш: Энэ булшинд таван хүнийг хэвтүүлээд толгойг нь баруун хойд зүгт хандуулан байсан бөгөөд булшнаас хүрэл зэв, ясан шөвөг, хүний хүзүүний орчимд сувсан зүүлт, хүрэл ээмэг, ваар савны зүйлс их олддог.Чандманий 11-р булшний хэмжээ нь 3,3 м х 3,1 м хэмжээтэй гадна мэдэгдэх шинжгүй, дотроо бунхантай энэ булшинд долоон хүн оршуулсан. Хүмүүсийн толгой бүгд зүүн зүг харуулан тавьсан.31-р булш: Энд 1,2м гүнээс дүнзэн бунхантай оршуулганд найман хүнийг толгойг нь баруун хойт зүг хандуулан тавьсан бөгөөд дөрөв дөрвөөр нь хоёр эгнээ болгон оршуулсан. Эхний дөрвөн хүнийг баруун хажуугаар нь хэвтуүлээд хөлийг нь атийлгасан. Дараагийн дөрвөн хүнийг зүүн талаар нь хэвтүүлэн атийлгасан байсан. Энэ булшнаас хүрэл толь, алтан бөгж, чинжаал хутга, шавар сав зэрэг мөн хонины эвэр далны яс дагалдуулан тавьсан ажээ.33-р булш: Газрын хөрснөөс ялгагдах аргагуй 1 м-ийн гүнд дүнзэн бунхантай оршуулганд долоон хүн хоёр хүүхэд оршуулсаны таван хүний толгойг баруун хойд зүг харуулааад баруун хажуугаар нь хэвтүүлж хөлийг нь атийлгасан ба чинжаал хутга, хүрэл тогоо, сумны ясан зэв дөрвөн ширхэг, модоор хийсэн сав суулга болон ихэвчлэн эд зүйлс дагалдуулан тавьсан.23-р булш: Газрын хөрсөн дээр ямар нэгэн шинж байхгүй 0,8м гүнд 2,4х2,4м хэмжээтэй модон бунхантай чулуун шалтай булш байсан. Энд долоон хүнийг оршуулсан ба толгойг нь баруун хойд зүг харуулсан. Хүн бүрийн толгой доор чулуу дэрлүулэн тавьсан. Шавар эд өлгийн зүйл дагалдуулсан. Хоёр, тавдугаар хүний хөлийг жийлгээд хоёр гарыг нь биеийг дагуулж, толгойг нь зүүн зүг харуулсан. Дөрөв, зургаа, долдугаар хүмүүсийн хоёр хөлийг атийлгаад зүүн хажуугаар нь гурав дахь хүний хөлийг атийлган баруун хажуугаар хэвтүүлэн баруун хойд зүг харуулсан хүрэл чичлүүр хутга, төмөр зээтүү, хүрэл толь, хүрэл унжлага, шавар ваар сав дагалдуулсан.43-р булш: Энд газар хөрсөнд мэдэгдэх шинжгүй. 0,9 м гүнээс бунхан гарсан. Бунханы баруун хойт хэсэгт 2 хүнийг толгойг нь баруун хойт зүг харуулан баруун хажуугаар нь атийлгаж тавьсан. Энэ хүний толгойг нь хүний биеэс хол тавьсан байсан. Энэ толгойны баруун талд дугуй хэлбэртэй цөм цохьсон ба энэ хүний бүсний орчмоос хүрэл толь, байлдааны хүрэл зээтүү, зэв зэрэг тус тус олдсон байна.Чандмань уулнаа малтан шинжилсэн эдгээр булш нь гадаад байдал, доторхи зохион байгуулалтаараа Монгол, Тува, Сибирь, Дундад ази, Алтайн мөн үеийн булш бунхантай ижил төстэй талууд нэлээд байгаа боловч, өөрийн гэсэн өвөрмөц онцлогийг булш бунхан хийж бүтээх, үхэгсэдээ оршуулахад үйлдэж байсан зарим ёс заншил, зан үйл болон аж ахуй, хөдөлмөрийн туршлага нь тэдний дараагаар Монгол нутагт оршин тогтнож байсан овог аймгийханд уламжлагдан хадгалагдсан төдийгүй хөрш зэргэлдээ мөн үеийхэнд харилцан нөлөөлсөн бие даасан томоохон соёл байсан нь маргаангүй юм.Чандманий соёлоос илрэн гарсан эд өлгийн зүйлсийг хэв шинжээр нь харьцуулан зэр зэвсэг, хөдөлмөрийн багаж, элдэв тоног хэрэгсэл, толь, гоёл чимэглэл, сав суулга, хэмээн ангилан үздэг юм. Эдгээрээс зэр зэвсгийн төрөл зүйл нь ур хийцийн хувьд мөн үеийн ижил төстэй дурсгалуудаас ялгаран харагддаг юм.
Энэхүу дурсгалаас хүрэл ба төмрөөр хийсэн чинжаал хутга арав гаруй олдсон байна. Хүрэл чинжаал нь хэлбэр төрхөөрөө 1.Эрвээхэй далавчит маягийн ааг бүхий зууван хэлбэрийн тольттой, 2.Товойлгон үйлдсэн шулуун аагтай, зуувин хэлбэрийн тольттой, 3. Гүдгэрдүү аагтай, ишээ дагасан зэрэгцээ хоёр ховилтой, зуувин хэлбэрийн толытой, 4. Мөлгөрдүү давхар Чандмань уулны булшнаас гарсан хурэл хутга аагтай, ишнийхээ дотор талаар гүн ховилтой, ховилынхоо хоёр талд хоёр тусгай сэнжтэй мөөг хэлбэрийн тольттой, 5. Ир нь угаараа өргөсч ааг болсон цагирган сэнжтэй, 6. Эрвээхэйн далавчны маягийн аагтай ишээ дагасан ховил бүхий цагирган тольттой, 7. Нэг талдаа иртэй эрвээхэйн далавчны маягийн аагтай домгийн хоёр шувууны толгойг өөд өөдөөс нь харуулан товойлгон цутгаж урласан тольттой. Харин төмөр чинжаал нь, 1. Шулуун аагтай цагирган тольттой, 2. Ир нь угаараа өргөсч ааг болсон ишээ дагасан урт нэвт нүхтэй зуувин дугуй хэлбэрийн тольтой гэсэн нийт есөн төрөл байна.Харин байлдааны хүрэл ба төмөр зээтүү арав орчим олдсон бөгөөд эдгээр нь гол төлөв чичлүүр хутганы хамтаар нэг дороос олдож байжээ. Эндээс олдсон байлдааны хүрэл зээтүүнүүд гол төлөв 15-20 см урт, дугуй онгитой их бие нь бөөрөнхий хэлбэртэй бөгөөд хоёр торгон үзүүрийг шовхолж ирлэсэн байх бөгөөд зарим зээтүүний хоёр үзүүр нь тэнцүү биш байх боловч үндсэндээ адил байх юм. Чандманчууд байлдааны зээтүүгээ 60 см орчим урт модоор ишлэж ишнийх нь үзүүрт хамгаалалт хүрэл үзүүр хийж байв. Байлдааны зээтүү гол төлөв үхэгсэдийн бүсэлхий орчмоос олдох ба ан агнуурын болон байлдааны зэвсэг болгон хэрэглэж байсан нь мэдэгдэнэ.Чандманьчуудын ан агнуур ба байлдаанд хэрэглэдэг хурдан зэвсэг нь нум сум байв. Чаньдманьчуудын нум одоогоор бүтнээрээ олдож амжаагүй байгаа бөгөөд нумны өмхөрсөн жижиг хэсгүүд дээр тулгуурлан бүхэлд нь сэргээх боломжгүй юм. Гэсэн хэдий ч хэв байдлыг нь ажихад хүрэл төмрийн түрүү үед монгол нутгаар өргөн тархасан иМ" хэлбэрийн зүймэл нум хэрэглэдэг байсан нь мэдэгдэнэ.Чандманьчуудын нум нь бүсэлхий орчимоос нь илрэн олдох ба энэ нь тэд нумаа бүснээсээ зүүж явдаг байсныг илтгэн харуулна. Эндээс харвуулын хүрэл ба ясан зэв олон тоогоор олдсон бөгөөд эдгээр нь нэлээд хэдэн янз байна. Харвуулын зэвүүд нь бүгд гурван хянгатай бөгөөд дотроо шөрөгт болон онгит гэж ялгагдана. Зарим хүрэл зэвийн мөс суулгадаг хөндийн хэсэгт нь мөс хугарвал авч байх зориулалттай жижиг нүх гаргасан байна. Эндээс илрэн гарсан нэгэн сонирхолтой олдвор бол боөрөнхий толгойтой модон сум юм.Энэхүү дурсгалаас хүрэл ба төмрөөр хийсэн саадагны гох нэлээд олдсон бөгөөд эдгээрийг хийсэн арга барил, хэлбэр төрхөөр нь, хавтгай хүрлийг үзүүрийг нь махийлган дээд талд нь дугуй буюу дөрвөлжин нүхэлж хийсэн хүрэл гох, нимгэн хавтгай хүрлийн нэг үзүүрийг нь махийлган нөгөө үзүүрийг нь эсрэг талруу нь хуйлж сэнж болгосон, цагирган сэнжтэй хүрэл буюу төмөр саадагны гох, барсын төрлийн амаа ангайсан амьтны толгойн цутгавартай, хажуудаа сэнжтэй хүрэл гох гэх зэргээр ангилан авч үзсэн байна. Судлаачид эндээс илрэн гарсан саадагны гохыг харьцуулан судлан үзээд буган хөшөөний бүснээс зүүж дүрсэлсэнтэй адил саадагтай байжээ хэмээн үзсэн нь бий. Чандмань уулын булшнаас хүрэл ба төмрөөр хийсэн хутга арав гаруй олдсон байна. Хүрэл хутга нь бүгдээрээ тэгш мөртэй харин ишний тольт нь өөр өөр юм. Хутгыг ширэн буюу ширэлсэн модон хуйнд хийж бүснээсээ зүүж явдаг байсан бололтой юм.Мөн энэ дурсгалаас шөвгөрхүү эдлэл нэлээд олдсон бөгөөд эдгээрийг ерөнхийд нь мөөгөн толгойтой бөөрөнхий биетэй дөрвөн талтай хүрэл шөвөг, хотон шувууны толгойн дүрстэй хүрэл шөвөг, ишиндээ нэвт нүхтэй бөөрөнхий ясан шөвөг хэмээн ангилдаг байна.ээр өгүүлсэн олдворуудаас гадна олом, хазаар, бүс тэлээний хүрэл арал, ваар савны зүйл зэрэг олдворууд ч нэлээд илрэн гарсан байна.Чандманий соёл нь энэ бүс нутгийн хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн нийгэм оюун санаа, сэтгэлгээний төвшин зэргийг илрүүлэн судлахад чухал ач холбогдол бүхий дурсгал юм. Энэ дурсгалыг илрүүлэн судалсны үр дүнд МЭӨ VII зуунаас Монгол нутаг дахь эртний хүмүүс төмөр зэвсэг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн хэрэглэх болж улмаар тэдний нийгэм оюун санаа сэтгэлгээний түвшинд нь чухал ахиц гарсан болохыг илтгэн харуулдаг чухал дурсгал ажээ. Тиймээс ч Чандманий соёлыг монгол нутаг дахь цорын ганц бөгөөд бие даасан томоохон дурсгал мөн гэдэгтэй санал нийлдэг байна.Чандманий соёлоос гадна Улаангомын сав нутаг нь эртний овог аймгуудын нутаглан сууж байсныг илэрхийлэн харуулах үүх түүхийн гайхамшигт дурсгалууд ч цөөнгүй бий. Улаангом хотын ойр эртний Түрэг (552-745), Уйгур (745-840)-ын хаант улсын үед холбогдох Долоодойн хэмээх тодотгол бүхий руни, уйгур бичээс бүхий хөшөөнүүд бий. Эдгээр хөшөөг Түрэг, Уйгур бичээс бүхий Долоодойн хөшөө хэмээн нэрлэж иржээ.Увс аймгийн орон нутгийг судлах музейд хадгалагдаж буй Долоодойн хэмээн нэрийдэгдэх Түрэг, Уйгур бичээс бүхий дурсгал анх Түргэн сумын нутаг Хар ус хэмээх газар буй Долоодойн хэмээн нэрлэгдэх цогцолбор дурсгалын орчим байжээ.Долоодойн хөшөө байх хиригсүүрийн өндөр нь хоёр метр, голч нь хорин метр орчим ажээ. Булшны дөрвөн талд тус бүр метр гаруй өндөр улаан боржин чулуугаар хийсэн хөшөө бийгээс хоёр хөшөө нь бичээстэй юм. Уг дурсгалыг анх эрдэмтэн Ц.Доржсүрэн илрүүлэн улмаар аймгийн орон нутгийг судлах музейд зөөвөрлөн авчирсан байна.
Долоодойн руни бичигтэй чулуу Долоодойн уйгар бичигтэй чулуу Түрэг бичээс бүхий хөшөө нь руни бичгээр бичигдсэн дөрвөн мөр бүхий бичээстэй дурсгал юм. Энэхүү бичээсийн талаар Ц.Доржсүрэн, Б.Ринчин нар өөрсдийн бүтээлдээ дурьдаж байсан бөгөөд өнөө болтол тайлан уншиж хараахан амжаагүй байна. Харин Уйгур бичээс бүхий хөшөө нь 57 үгнээс бүрдсэн нийт 8 мөр бичээстэй юм. Ц.Доржсүрэн уг бичээсийг гэрэл зургаар хуулбарлан Оросын эрдэмтдэд илгээсэн бөгөөд анх А.Щербак тайлан уншсан ажээ. Уг бичээсийн агуулга ныБаатар нэр минь Богаз-Тегин. Би арван долоон настай байхдаа цэргийн хамт Бур-Улугуд очижБи мянган адууг олзолсон. Арван есөн нас арай хүрээгүй байхдааБи Оги-Сунуту-Тытагуд аян дайн хийсэн ба Чонуд цэрэг илгээж билээ.Ярмагзед үлдэнгүүд би тэдний замыг тосож хааж билээ. Өндөр жилТүвдээс хойш оршдог газар нутаг дахь Тюргис-Болочу-Огузыг би эзлэв.Хорин нэгтэйдээ би Омузуд цэргээ аваачаадДалайтай залгасан газар дахь Биди хүртэл доош бууж....... (Наймдугаар мөрний бичээс балраад гаргагдахгүй болжээ). Хэмээнхөшөөнөө бичсэн байна.Тэгэхээр уг хөшөөнөө Богаз-Тегин хэмээх залуу баатар хэд хэдэн газар цэрэг илгээж аян дайн хийсэн тухай өгүүлсэн байгаа нь тодорхой байна. Эрдэмтэд бичлэгийн хэлбэр дүрс, бичлэгийн шинж байдлыг нь судлан үзээд согд-уйгурын буюу согд бичиг уйгур бичигт шилжиж байсан үеийн бичигтэй их төстэй байна гэж үзжээ. Хөшөөний бичгийн найруулга, он жилийг нэрлэсэн байдал, хэл зүйн онцлог зэргийг нь шалгуур болгон уг дурсгалыг VIII зууны үед холбогдуулан үздэг байна.
Энэхүү дурсгалууд нь Монгол нутагт оршин тогтнож байсан Түрэг, Уйгурын хаант улсын үед холбогдох цөөн хэдэн дурсгалын нэгэн юм.
Friday, January 23, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
Ерөнхийлөгчийн шинэхэн зөвлөх Ч.Сосормаа: Гол нь иргэдээ сонсдог байх хэрэгтэй юм байна
http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=1287 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх...
-
Монгол орон хүн үүссэн өлгий нутгийн нэг хэмээн тооцогддог билээ. Улаангомын сав газар бол эртний их түүхтэй, соёл иргэншлийн өлгий болсон н...
-
http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=1287 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх...
No comments:
Post a Comment