Wednesday, April 14, 2010

Ерөнхийлөгчийн шинэхэн зөвлөх Ч.Сосормаа: Гол нь иргэдээ сонсдог байх хэрэгтэй юм байна



http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=1287

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч. Сосормаатай бид уулзлаа. Тэрээр Иргэний нийгмийн талбарт олон жил ажилласан бөгөөд “Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв”-ийн захирал байсан гэдгээр хүмүүс сайн мэднэ. Монголд анх эмэгтэйчүүд, хүүхдүүд гэр бүлийн хүчирхийллээр ярьж, энэ асуудлыг хөндөж гарч ирсэн цөөхөн хүмүүсийн нэг юм.

Таныг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал байсан гэдгээр олон нийт танина. Өнгөрсөн хугацаанд хаана юу хийж байв даа?
Ч.Сосормаа: Америк төрийн буюу бидний ярьдгаар нийтийн захиргаагаар магистр хамгаалаад ирсэн. Сүүлийн жилүүдэд төрийн захиргааны шинэтгэлийг олон нийтийн оролцоонд тулгуурлан хийх талаар ажиллаж байлаа. “Төрийн бус байгууллагын менежмент” , “Төрийн захиргаанаас нийтийн захиргаа руу- Шинэтгэлийн 5 хөшүүрэг” зэрэг номоо хэвлүүлсэн. Иргэдийн оролцооны бодлогын судлаачаар ажиллаж байна.

- Монгол улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөхөөр томилогдоод удаагүй байна. Ер нь ажлаа юунаас эхэлье гэж бодож байна?
Ч.Сосормаа: Ер нь бол шийдвэр гаргагчид бүхнийг олж харж чаддаггүй. Цаг хугацааны хувьд ч тэр хүний хүчин чадварын хувьд ч бололцоогүй. Хүн гэдэг төгс төгөлдөр биш учраас бүхнийг мэдэхгүй. Иймээс асуудлыг шийдэхэд бид хамтарч, түншилж, сүлжээгээр ажиллах хэрэгтэй болдог. 21-р зууныг түншлэлийн зуун гэж нэрлэх болсон нь ч ийм учиртай. Хүний эрх, иргэдийн оролцооны чиглэлээр төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэн хамтарч ажиллах шаардлагатай. Ингэхийн тулд сүлжээ бүтцийг олноор нь байгуулах, сүлжээгээр дамжин ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Өөрсдийнхөө асуудлыг шийдвэрлэхэд хүн өөрөө оролцож байж хамгийн зөв шийдвэрийг гаргадаг.

-Миний мэдэж байгаагаар та гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаа асуудлаар маш хурц ярьдаг, шүүмжилдэг байсан. Тухайн үед үнэхээр энэ тухай ярьдаг хүн ховор байсан санагдана?
Ч.Сосормаа: “Хүчирхийллийн эрсрэг үндэсний төв”-ийг үүсгэн санаачилсан гурван байгууллага бий. Либераль эмэгтэйчүүдийн оюуны сан, Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо. “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” яах аргагүй Монголын анхны хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага мөн. Дан ганц миний гавъяа биш. Бид их олуулаа хамтарч ажилласан. Иргэдтэй ч их ажилласан. Тухайн үед хүүхэд эмэгтэйчүүдийн эрх, гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг хурцаар ярих зайлгүй шаардлагатай байсан юм. Учир нь хүндрэл бэрхшээл дунд байгаа, зовлонд байгаа хүмүүстэй уулзахаар хүн өөрийн эрхгүй их хурцлагддаг юм билээ.

-Цаашид хүний эрхийг хамгаалах чиглэлээр ямар ажил зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна даа?
Ч.Сосормаа: Хүний эрх, иргэдийн оролцооны асуудлыг Ерөнхийлөгч мөрийн хөтөлбөртөө онцгойлон ач холбогдол өгч тусгасан. Монголд хүний эрхийг баталгаажуулахын төлөө зорьж байгаа. Ялангуяа иргэдийг өөрсдийнхөө эрхийг хамгаалахад, хэрэгжүүлэхэд оролцуулж болно. Үүний тулд эрхзүйн шинэ орчныг бий болгох шаардлагатай байгаа юм. Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд болсон “Монгол улсын иргэн би” нээлттэй хэлэлцүүлэгт хүүхдүүд өөрсдөө оролцож өөрсдийнхөө өмнө тулгамдсан асуудлыг ярьж байна. Өнөөдрийн оролцож сурч байгаа хүүхдүүд маргаашийн иргэн төвтэй нийгмийг бүтээн байгуулагчид, эзэд болно. Төр бүхнийг хийж хангах хэрэгтэй гэдэг ойлголт үеэ өнгөрөөчихлөө.

-Миний бие “Монгол улсын иргэн би” сэдэвт хүүхдийн нээлттэй хэлэлцүүлгийг сурвалжиллаа. Яах аргагүй хүүхдүүд нийгэмд байгаа алдааг олж харж, тодоор шүүмжилж байна л даа. Энэ үеэр хүүхдүүдтэй уулзахад ийм маягаар нэгдэж асуудлаа ярьж, төр засгийнхан дуулгаж баймаар байна гэж байсан?
Ч.Сосормаа: Цаашдаа хүүхдүүдэд өөрөө өөрийнхөө асуудлыг анхаардаг, өөрийнхөө төлөө ажилладаг боломжийг сургууль дээр, сум дүүрэгт нь хангаж өгөх хэрэгтэй юм байна. Өөрийнхөө төлөө оролцдог, өөртэй нь холбоотой асуудалд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг, улмаар бүтээдэг болно.

-Нийслэлд төдийгүй хөдөө орон нутгийн хэмжээнд “Иргэний танхим” байгуулж иргэдийг сонсдог байвал ямар вэ?
Ч.Сосормаа: Энэ талаар орон нутагт санал санаачлага өрнөж эхэлж байна. Бид иргэний танхимыг байгуулах хүсэлтэй аймаг, дүүрэгт арга зүйн туслалцаа үзүүлэх боломжтой. Иргэний танхимаар дамжуулан орон нутгийнхаа өмнө тулгамдаж байгаа олон асуудлаар иргэдээсээ санал авч болно. Тухайлбал орон нутагт төсвөө хэлэлцэн батлахад иргэд нь ирж саналаа хэлж төсвийн хуваарилалтанд оролцож болно. Засаг даргын хөтөлбөрийн биелэлтийг иргэдээрээ үнэлүүлдэг болчихвол Засаг дарга иргэддээ таалагдахын төлөө ажиллаад эхэлнэ. Иргэдэд эрх мэдэл очвол тэд төр засгаас шаардаж, халамж хүлээн суух биш харин оролцож, бүтээж эхлэх болно. Иргэд хянаад эхэлбэл хардах биш хамтардаг болно. Үүнийг бид ардчилал гэж ойлгодог.

-Баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Ж.Батхишиг

No comments:

Post a Comment

Ерөнхийлөгчийн шинэхэн зөвлөх Ч.Сосормаа: Гол нь иргэдээ сонсдог байх хэрэгтэй юм байна

http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=1287 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх...