Дэлхийн түүхэнд Тянь Миний үй олноор нь хөнөөсөн хэрэг буюу Хятадад Зургадугаар сарын 4-ний явдал гэж бичигдэн үлдсэн аймшигт явдал 1989 оны энэ өдрүүдэд эхэлсэн юм. Улс орныхоо амьдралыг өөрчлөх гэсэн оюутан залуусын хүсэл мөрөөдөл эцэстээ харгис төрийн алан хядлагад нухчин даруулж төгссөн энэ харамсалтай явдлыг эргэн дурсахад...
Хөдөлгөөн ингэж эхэлжээ
1978 оноос удирдагч Ден Сяопин эдийн засаг, улс төрийн цуврал реформ хийж эхэлсэн нь 10 жилийн дараахь их хөдөлгөөний салхийг хийсгэжээ. Ден Сяопиний өөрчлөлт шинэчлэл гэх арга хэмжээ нь Хятадын улс төрийн тогтолцоог хангалттай өөрчилж чадахгүй байгаад сэтгэл дундуур оюутан залуус, сэхээтнүүд энэ үед Хятадын өнцөг булан бүрт бий болж байв. ЗХУ-д М.Горбачёвын эхлүүлсэн өөрчлөн байгуулалттай жишиж болохуйц шинэчлэлийг тэд хүсчээ. 1986-1987 онд ардчиллыг дэмжигч оюутнууд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэнтэй зэрэгцэн Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Яобан 1987 оны нэгдүгээр сард албан тушаалаасаа огцров. Намын бодлогоос "гажууд" өөрчлөлтийн тухай нээлттэйгээр ярьж, оюутнуудын хөдөлгөөнийг дэмжсэн Ху Яобан 1989 оны дөрөвдүгээр сарын 15-нд зүрхний шигдээсээр гэнэт нас барсан нь оюутнуудын бослогыг өдөөж өгчээ.
Дөрөвдүгээр сарын 15: Ху Яобаны дурсгалыг хүндэтгэн Тянь Миний талбайн дундах Ардын баатруудын хөшөөний өмнө хэсэг залуус сайн дураараа цугларав. Бээжингийн их сургууль, Циньхуа их сургуулийн оюутнууд энэ өдөр оюутны байр болон Тянь Миний талбайд хэсэг хэсгээрээ нийлэн эмгэнэлийн үгсээ бичин, гашууджээ.
Дөрөвдүгээр сарын 16: Бээжингээс гадна Шанхай зэрэг хэд хэдэн хотод үүнтэй ижил үйл ажиллагаа эхэлжээ.
Дөрөвдүгээр сарын 17: Хятадын улс төрийн шинжлэх ухаан, хуулийн их сургуулийн 500 гаруй оюутан Тянь Миний талбай дахь Ардын их танхимын зүүн хаалганы өмнө цугларч Ху Яобаныг эмгэнэн дурсав. Цагдаагийнхан эхэндээ оюутнуудыг өөрсдөө тарахыг ятгасан боловч тэдний хүссэнээр болсонгүй. Шөнө болоход бусад их сургуулиас болон Бээжингийн жирийн иргэд олноороо ирж, тэдэнтэй нэгдэв. Энэ шөнө Бээжингийн их сургуулийн 3000 гаруй оюутан дотуур байрнаасаа Тянь Миний талбай руу жагсч, тэдэнтэй Циньхуагийн оюутнууд ч нэгджээ. Жагсагчдын тоо нэмэгдэж, эсэргүүцлийн хүрээ ч өргөжиж, оюутнууд зөвхөн Ху Яобаны араас гашуудах бус төр засгийн удирдагчдад хүргүүлэх долоон зүйл бүхий шаардах бичиг гаргав.
Дөрөвдүгээр сарын 18: Оюутнууд эх орончдын дуугаа дуулж, жагсаал зохион байгуулагчид өөрчлөлт шинэчлэлийг уриалсан үг хэлж байв. Тэд Төв хорооны удирдлагуудтай уулзаж, долоон зүйлтэй шаардлагаа өгөхийг хүсэв. Энэ хооронд эрх баригчдын оршин суудаг Жонанхай цогцолборын гадна хэдэн мянган оюутан цугларч, тэдний шаардлагад хариу өгөхийг шаардав. Оюутнууд цогцолбор руу хүчээр орох гэж дайрсан ч бүтэлгүйтсэн учир гадаа нь суулт зарлав. Засгийн газрын зарим албаны хүн тэдэнтэй уулзаж ярилцсан ч албан ёсны хариу өгөөгүй нь жагсагчдын уур бухимдлыг дэвэргэжээ.
Дөрөвдүгээр сарын 20: Эцэст нь цагдаа нар суулт зарлагчдыг хүчээр тараажээ. Энэ үеэр багахан хэмжээний мөргөлдөөн гарч.
Дөрөвдүгээр сарын 21-ний шөнө буюу Ху Яобаныг эцсийн замд нь үдэх ёслолын өмнөх өдөр Тянь Миний талбайд жагсагчдын тоо 100 мянга давлаа. Энэ үеэс талбайг олон нийтэд хаасан байна.
Дөрөвдүгээр сарын 22: Бээжингийн их сургуулиудад багш, оюутнууд нь хичээлээ хаяж эхлэв.
Дөрөвдүгээр сарын 26: Коммунист намын төв хэвлэлд Ден Сяопиний "Үймээн самууны эсрэг тугаа өндөр өргөцгөөе" нэртэй илтгэлийг хэвлэжээ.
Дөрөвдүгээр сарын 27: Илтгэл гарсны маргааш Бээжингийн төв гудамжаар 50 мянган оюутан жагсч, эрх баригчдыг дээрх мэдэгдлээ буцаахыг шаардав.Тэд мөн Засгийн газрын гар хөл болсон оюутны холбоодыг эсэргүүцэж байлаа.
Тавдугаар сарын 4: Бараг 100 мянга шахам оюутан дахин Бээжинд цугларч улс төрийн реформ хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг чөлөөлөхийг, оюутнуудын төлөөлөгчдиин эрх баригчидтай албан ёсны хэлэлцээр хийхийг шаардав. Эрх баригчид оюутнуудын албан ёсны байгууллагатай ярилцахыг зөвшөөрсөн ч саналыг нь хүлээн авахаас татгалзжээ.
Тавдугаар сарын 13: ЗХУ-ын удирдагч М.Горбачёвын айлчлалыг дагалдан ирсэн олон улсын хэвлэл мэдээллийн агентлагийн анхаарлыг татах гэж оюутнууд төв талбайд өлсгөлөн зарлав. Долоо хоног үргэлжилсэн өлсгөлөнг дэмжиж Тянь Миний хөдөлгөөн шиг зохион байгуулалттай биш ч гэлээ Хятадын 400 гаруй хот, Шанхай, Хонконг, Тайвань болон ХойдАмерик, Европт хүртэл жагсаал цуглаан өрнөв. Оюутнууд "Интернационал"дууг хоолой нийлүүлэн дуулж, эрх баригчдыг тал талаас нь шахамдуулж байв.
Тавдугаар сарын 19: Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Жао Зиян талбай дээр ирж, оюутнуудыг өлсгөлөнгөө зогсоохыг уриалав. Тэрээр "Бид аль хэдийнэ хөгширсөн учраас асуудал байхгүй. Харин та нар залуу хүн учир бие, эрүүл мэндээ бод" гэж ухуулж байжээ.
Тавдугаар сарын 20: Бослогыг хэрхэн зогсоох тухайд эрх баригчид хоорондоо санал зөрөлдөж байв. Жао Зияан зөөлөн аргаар жагсаалыг тараах гэж оролдож байсан бол Ли Пен хүчээр дарахыг санаархаж байж. Албан ёсны байр суурь байхгүйгээс Цэргийн төв хорооны дарга Ден Сяопин цэргийн хууль гаргав. Гэвч жагсагчид цэргийнхний хүчийг хаажээ. Жан Зиян огцров.
Тавдугаар сарын 30: М.Горбачёвыг дагалдан ирсэн гадаадын хэвлэлийн агентлагууд оюутнуудын бослого хөдөлгөөн, өлсгөлөнг дэлхий даяар цацлаа. Энэ үеэр коммунист намын ахмадын зөвлөл оюутнуудтай ярилцаж үзэх гэсэн боловч тэдний шаардлага хэтэрхий олон, хамгийн чухал нь юу хүсээд байгаа нь тодорхойгүй байснаас хоёр тал хоорондоо ойлголцоход бэрхшээл гарчээ. Ер нь, Тянь Миний бослого амжилтад хүрээгүй нэг шалтгаан нь энэ юм. Хээл хахуулийг таслан зогсоох, хэвлэлийн эрх чөлөөтэй болгох, улс төрийг өөрчлөх гээд янз бүрийн шаардлага тавьж, тэр бүр нэгдсэн зохион байгуулалтад орж чадахгүй байсан нь тэр олон хүний амь үрэгдэхэд хүргэсэн билээ. Ардын Чөлөөлөх армийн 27, 28 дугаар арми хотыг хяналтад авав. Энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Герберт Буш тус улсад хориг тавьж буйгаа зарлаж, Хятадын цэргийн удирдагчид хоорондоо санал бодол зөрөлдөж байгаа тухай тагнуулын мэдээ авснаа мэдэгдэв.
Зургадугаар сарын 3: Чөлөөлөх арми, иргэдийн хооронд мөргөлдөөн гарав. Жагсагчид машин тэргээр хаалт саад тавьж, цэргийнхнийг хориглохын хажуугаар гал тавьж, өөдөөс нь чулуу шидэж байжээ. Энэ хооронд цэргийнхэн зохион байгуулалттайгаар хотоос гарах цэгүүд болон их сургуулийн гудамжуудыг хаажээ. Ингээд оройны 22:30 минутын орчимд армийн зэвсэгт довтолгоо буюу бослогыг хүчээр дарах цуст үйл ажиллагаа эхэлжээ. Армийн танкууд Тянь Миний талбайн хэд хэдэн талаас дотогш дайрч, замдаа таарсан оюутан жагсагчид руу гал нээн давшилжээ. Зарим оюутан талбайгаас гарах гэж оролдсон ч тэднийг дотогш буцааж байсан гэдэг. Энэ үед жагсаалыг зохион байгуулагчид цэргүүдийн өөдөөс "молотовын коктейль" мэтийн зэвсэг ашиглахгүй байхыг анхааруулж байжээ.
Зургадугаар сарын 4: Үүрийн дөрөв, таван цагийн үед армийн танкууд талбайд бүрэн нэвтэрч, замдаа байсан жагсагчид, машин техник бүгдийг сүйрүүлжээ. Гэвч үүнээс ганцхан цагийн дараа буюу үүрийн 5:40-ийн үед талбайг бүрэн цэвэрлэсэн байжээ.
Амь үрэгдэгсдийн тоог хэн ч хэлж мэдэхгүй
Энэ аймшигт хядлагын үеэр хэдэн мянган залуу амиа алдсаныг хэлэх нотлох баримт байхгүй. Хятадыг Засгийн газрын албаны мэдээгээр амь үрэгдэгсдийн тоог 241 гэж зарласан бол тус улс дахь Улаан Загалмайн нийгэмлэг 2600 гэдэг. Харин гадаадын сэтгүүлчдийн тооцоолсноор хамгийн багадаа 3000 хүн энэ үеэр амь үрэгджээ. Тэгвэл НАТО-гийн тагнуулын мэдээлэлд энэ тоог 7000 давсан гэж дурдсан байдаг.
Олон улсын реакии
Африк, Азийн орнууд, Хойд Солонгос, Куба, Чехословак, Зүүн Герман, Пакистан зэрэг Хятадын ойрын холбоотнуудаас бусад бүх улс хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн энэ явдлын дараа Хятадыг буруутган мэдэгдэл хийж, янз бүрийн хориг тавьсан юм. Ден Сяопиний гадаад дахь айлчлалын төлөвлөгөө нурж, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк тус улсад өгөх гэж байсан зээлээ буцаажээ.
Хориотой сэдэв
Энэ явдлын дараа Хятадын сонинуудын 12 хувь нь хаагдаж, хэвлэлийн компаниудын долоон хувь нь үүдээ барьж, 150 гаруй кино, баримтат киног гаргахыг хоригложээ. Тухайн үеийн олон арван сонины эрхлэгч ажлаасаа халагдан, шийтгэл амссан гэдэг. Засгийн газар 32 сая хувь ном, 2.4 сая дүрс бичлэгийн хуурцгийг хураан авчээ. Одоо ч Хятадад "Google" цахим хуудсаар Тянь Миний бослогын талаархи мэдээлэл авах боломжгүй хэвээр.
Хохирогчдоос ганцхан гэр бүлд нөхөн төлбөр олгожээ
НҮБ-аас Хятадын Засгийн газрыг ард түмнээсээ уучлал гуйхыг шаардсан ч тус улсын эрх баригчид хэзээ ч буруугаа хүлээж байсангүй. Гэхдээ 2006 оны дөрөвдүгээр сард нэгэн жагсагчийн ар гэрт 70 мянган юанийн тэтгэмж олгосон тохиолдол бий. Энэ бол Хятадын эрх баригчид дээрх явдалд "гэмшсэн" хамгийн анхны тохиолдол юм.