1206 онд Их Монгол улс байгуулагдсаны дараа Увс нуур, Алтайн нуруу нь Монголын Баруун түмний үндсэн нутаг болж байв. 1207 онд Чингисийн ахмад хүү Зүчи цэрэг авч мордон Енесей мөрний сав дагуу орших ойн олон аймгуудыг эрхшээлдээ оруулснаар энэ бүс нутаг талын болон ойн аймгууд зэрэгцэн болон холилдон суусан нутаг болсон юм. Ойн аймгууд болон Ойрадууд чухам энэ үеэс Хангайн нуруунаас баруун тийшх нутагт шилжин суурьшиж эхэлжээ. 1260-аад онд Монголын их хаан Хувилайтай зэрэгцэн Монголын хаанаар тодорч, хаан жирээ булаацалдаж байсан Аригбух хаан энэ бүс нутгийн цэрэг, эдийн засгийн хүчинд тулгуурлан тэмцлийг өрнүүлж байжээ.
1260-аад оноос Монголын Юан гүрний Давааны арын мужид тус бүс нутаг багтан орж олон монгол аймгуудын малжих нутаг болсон хэвээр байсан юм. Энэүед ой, тайгын бүс нутаг, Хөвсгөл нуур, Енесей мөрний эхэнд нутаглаж тайсан Ойрадууд тэргүүтэй аймгууд уул тал хосолсон Хангайгаас баруун тийш нугагт шилжин суурьших болсноор мал сүргээ өсгөсөн идэрмэг хүчирхэг малчин аймаг болж хувирав.
Юан гүрэн 1368 онд мөхсний дараахан хятад газар байсан монголчууд эх нутагтаа хүрэлцэн ирж, уугуул нутагтаа оршин сууж байсан монголчуудын хооронд бэлчээр нутгаа булаацалдах, хятадын Мин улсын довтолгоон зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан Монголын дотоод байдал хурцадсан үед 1390-ээд онд Дөрвөн Ойрадууд улс төрийн талаар бие даах болжээ. Энэ тухай Лувсанданзан гүүшийн 1634 онд зохиосон "Алтан товч"-д Элбэг хааны үед Хутхай таяугийн хүү Батула чинсанд Дөрвөн ойрадыг захируулсан, тэд харь болсон тухай тодорхой өгүүлжээ.
1437 онд Ойрадын Тогоон тайшийн байгуулсан Дөрвөн ойрадын холбооны үндсэн газар нутгийн цэсэд Алтай орчмын нутаг орж байна. Тогоон тайшийн үед " Ойрадын холбоонд багтахыг хүссэн Торгууд аймгийнхан зургаан элч заран "Чи нугууд Ойрад орны Үзүн-д одоод газар хийгээд ноён тэргүүтэнд харж ирэгтүн" хэмээн захиж байжээ. Энд гарч буй Үзүн хэмээх газар хаана байсан бол?. Дөрвөн Ойрадыг бүрэлдүүлэгч Цорос аймгийг Зүүнгар хэмээн түүхэнд нэрлэж иржээ. Ойрадууд ертөнцийн зүг чигийг одоогийнхоос өөр байдлаар, хойт зүгийг зүүн зүг, зүүн зүгийг өмнө зүг, өмнө зүгийг баруун зүг, баруун зүгийг хойт зүг хэмээн үзэж, тухайн үедээ хойт талдаа байсан Цоросуудыг зүүнгар гэж нэрлэж байжээ. Өнөөдөр ч гэсэн ойрадууд ертөнцийн зүг чигийг энэ байдлаар нэрлэж байна.
Тогоон тайшийн үед ойрадад Торгууд, Хошууд хэмээх хоёр аймаг элсэн оржээ. Торгуудын өөрсдийн нь бичсэн нэгэн түүхэнд Торгуудууд Бөхмөрөн гэдэг газар нутаглаж дөрвөн үе суусан. Тав дахь үедээ зургаан хүн зарж Ойрадын хаан Тогоон тайшид бараалхсанд тэдний өнгө бие сайхны тул, та нар юун их туруг биетэй сайхан улс вэ хэмээн гайхан сайшаасан учраас Туругууд хэмээсэн үг хазайгаад Торгууд гэж алдаршив. Ойрадын газарт ирж Тогоон тайшийг түшив. Тогоон тайш хүүгээ хатан болгож өгч, инжид хоёр зуун тавин өрх өгснөөс уламжлаад агуу их өсөөд дөрвөн Ойрадын нэгэн болсон"1 гэжээ. Энэ баримтанд гарч буй Бөхмөрөн хэмээх газар бол өнөөгийн Бөхмөрөн голын нэр.
Ойрад монголчууд 1502 он хүртэл лавтай Хангайн Алтайн нуруу, түүний завсар нутагт нутаглан байсан баримт түүхийн олон үйл явдалд энэ нутгийн газар байнга тэмдэглэглэн гарч байдгаас тодорхой мэдэж болно. Тухайлбал, 1454 онд Эсэн хааныг алагдсны дараахан түүний эхнэр хүүхэд Завхан голын савд байсан тухай, Мандухай сэцэн хатан, Батмөнх даян хааны ойрадтай хийсэн тулалдаан Хангайн баруун бэлд болж байсан тухай олон мэдээ баримт буй.
Батмөнх даян хааны Ойрадын эсрэг хийсэн хүчтэй довтолгооны дараа Ойрадуудын нилээд хэсэг нь Алтайн нурууг давж нутаглажээ. Тэдгээрийн нэг хэсэг нь Их говийн өмнүүр нутаглаж байжээ. Энэ үеэс Увс нуурын сав газраар төвлөн нутагласангүй бөгөөд зах хязгаарын малжих орон болсон байна. Ойрадууд ХҮ1 зуунд буюу 1538 оны үеэс Түмэдийн Алтан хан, Ордосын Хутагтай сэцэн, Халхын Түшээт хан Абтай, Хотгойдын Шолой убаши нарын хэдэн жилийн үе үеийн довтолгоог хүлээж, хүчин ихээхэн буурч байсан энэ үед Увс нуурын сав газраар орос баримтад "Алтан хан" хэмээн алдаршсан Хотгойдын Шолой убаши (1567-1627) нутаглаж байв.
ХVI зууны сүүлчээр Халхын баруун гарын Алтан ханы үед Ойрадууд баруун тийш шахагдаж, Шолой убаши Алтайн нуруу, Увс нуур, Тагна уул, Красноярск хүртэлх газар нутгийг эрхэндээ оруулж нэгэн.үе хүчирхэгжиж байв. 1616 онд Оросын В.Тюменецийн толгойлсон элч нарыг Шолой убаши Увс нуурын баруун хойт хөвөөн дэх өргөөндөө хүлээн авч уулзаж байсан2 нь тус нутаг нь Халхын Алтан ханы мэдэлд байсныг бататгаж өгч байна.
ХҮII зууны дунд үе тодруулбал, 1660 оны үеэс Зүүнгарын Сэнгэ хун тайж Тагна уул, Увс нуурын орчмын газар нутгийг эзлэн авч, улмаар Зүүн гарын хаант улсын Галдан бошготын үед Зүүнгар улсын мэдэлд улам бэхэжжээ. Өөрөөр хэлбэл, Хотгойдын Алтан хан буюу Шолой Убашийн дараагаар Хотгойдыг захирч байсан Омбо-Эрдэнэ (?-1657)-нийг таалал төгссөний хойно Хотгойдын Лувсанринчин тайжийн үед Зүүнгар улсын Сэнгэ хунтайж Хотгойдыг зүүн тийш шахаж, Урианхайн зарим хэсгийг эрхшээлдээ оруулж татвар авах болжээ. Энэ үеэс Увс нуурын газар нутаг Ойрадуудын мэдэлд орсон байна. Сэнгэ хунтайж цаг бусаар таалал болж, төрсөн дүү Галдан хунтайж Цоросыг захирч, улмаар 1676 онд Зүүнгар хаант улсыг байгуулсан билээ.
Tuesday, January 27, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
Ерөнхийлөгчийн шинэхэн зөвлөх Ч.Сосормаа: Гол нь иргэдээ сонсдог байх хэрэгтэй юм байна
http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=1287 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх...
-
Монгол орон хүн үүссэн өлгий нутгийн нэг хэмээн тооцогддог билээ. Улаангомын сав газар бол эртний их түүхтэй, соёл иргэншлийн өлгий болсон н...
-
http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=1287 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх...
No comments:
Post a Comment