Friday, January 23, 2009
ГАЛДАН БОШГОТ ХААН
Ойрадууд 1207 онд Ойрадын зонхилогч Хутагу бэхийн шийдвэрээр Чингис хаанд дагаар орж Их Монгол улсын бүрэлдэхүүнд багтах болжээ. Чингис хаан Ойрадыг нэгтгэж авсан явдалдаа ихээхэн ач холбогдол өгсөн байдаг. Тэрээр Ойрадын хүн ардаас бүрдсэн цэргийг зүүн гарын түмэнд багтаан захируулсан. Мөн өөрийн удмын охидоо Ойрадын ноёдод өгч ураг барилдсанаар барахгүй, голлох ноёд сурвалжтнуудад өндөр итгэл хүлээлгэн шадар нөхөд болгон авсан нь бий. Чингис хаан Хутагу бэхийн хүү Иналчид Цэцэйхэн охиныг, Иналчийн ах Төрэлчид Зүчийн охин Олуйханыг өгч, Хутагу бэхийн охин Хаймишийг Өгэдэйн ахмад хүү Гүюгт хатан болгон авсан цагаас эхлэн Алтан урагтай Цоросууд ураг барилдах болсон тэр цагаас эхлэн ойрадын голлох овог болох Цорос овог Монголчуудын дунд ихээхэн нэр хүндийг хүлээн "Цагаан яс" хэмээн өргөмжлөгдлөө. Эзэн богд Чингис хааны үндэслэн байгуулсан Их Монгол улс, Монголоор овоглосон эзэнт гүрэн мандал бадралын түүхэн замаар замнасаар XV зууны эхэн үе Монгол эх нутагтаа төвлөсөн билээ. Энэ үеэс улс орон ноёд язгууртны дотоодын хямралд автан, улс төрийн бутралд автагдан хуваагдан сарнихад хүрчээ.
Энэ нөхцөл байдлын гол шалтгаануудын нэг нь 200 гаруй жил бүх Монгол даяар дархлагдан бэхжсэн Алтан ургийн угсаа залгамжлалын ноёрхолд хүчтэй өрсөлдөгч гарч ирсэн явдал байлаа. Энэ нь Цоросын угсаа залгамжлал юм. Ойрадууд Чингисийн үеэс Юань улс мөхөн Монголын их хаадыг хятад газраас монгол нутагт ирж суурьштал цэрэг улс төрийн хүчирхэг байдлаа хадгалсаар байсан юм. XIV зууны сүүлчээр Ойрадын Үгч Хашихын үед Цорос овог ихэд хүчирхэг болж, бусад салбар салаа аймгуудыг зохион байгуулалтад оруулж эхэлжээ. Ойрад хэмээх нь тусгайлсан нэгэн овог аймгийг нэрлэхээсээ илүү олон овог аймгийг нэгтгэсэн улс төрийн холбоот улсын нэр юм. Чингис хааны үед Ойрадууд дөрвөн мянган болж зохион байгуулагдаж байсан бол өнгөрсөн түүхийн хугацаанд улс төрийн "Дөрөв"-ийн холбоог хэдэнтээ үүсгэн байсан тухай сурвалж бичиг, судалгааны зохиолд тэмдэглэгджээ. Ойрадууд Цорос угсааны хаадаар толгойлуулан 1400-аад оноос Зүүн монголоос туурга тусгаарлан Дөрвөн ойрадын холбоо байгуулж байх тэр цагт цорос язгууртай Батула чинсан (1400-аад онд амьдарч байсан), түүний хүү Тогоон тайш (7-1438), ач хүү Эсэн тайш хаан (1407-1454) нар захирч байв. Анх байгуулагдсан Дөрвөн ойрадын холбоо Тогоон тайшийн үед бий болж эртний ойрад аймгууд голлон, Барга, Буриад, Түмэд, Баатад аймгууд оролцож байлаа. Энэ холбоо 1500-аад он гэхэд задарч бутарсан боловч дахин байгуулагдахдаа газар нутаг, оролцогч аймаг угсаатан багассан ажээ. Хоёр дахь Дөрвөн Ойрадын холбоо (1502-1637)-ны бүрэлдэхүүнд Цорос, Хошууд, Торгууд, Дөрвөд нар оролцов.Дундад дөрвөн Ойрадын үед Цоросын тэргүүлэх байр суурь нэлээд багассан үе байлаа. Эсэн хааны үр ач нар үе улиран захирахдаа зарим нь өөрийн аймаг харьяатаа өөр тийш авч нүүх, хоорондоо дайтах, бүр зарим нь Дөрвөд хэмээх аймаг байгуулж байжээ. Тус дөрвөн Ойрадын дотор Хошууд аймгийн нөлөө хүчтэй болж чуулганы даргаар Хошууд аймгаас сонгогдож байлаа. Энэ удаагийн Дөрвөн ойрадын үед Түмэдийн Алтан хан, Ордосын Хутагтай сэцэн хун тайжийн 4-5 удаагийн дайн, Халхын Автай сайн хан, Засагт хан, Алтан хан нарын удаа дараагийн цэрэгтэй дайтах, мөргөлдөх зэргээр тэдний хүчин чадал нөөц боломж нь хомсдож нэгдэн нийлж хүчирхэгжиж чадсангүй. ХҮИ зууны эхэн гэхэд харин байдал өөрөөр эргэж тэдний нэгдэл хүчирхэг болж, Халхын баруун гарын Увш хун тайжийн довтолгооныг сөрөн зогсож улмаар ялалт байгуулж байлаа.1610-аад оны үед Ойрадын зонхилох ноёд санал нэгтэйгээр шарын шашныг дэлгэрүүлэн хөгжүүлснээр Дөрвөн Ойрад бурхны шашинд орлоо. Цаг үргэлжийн дайн самууны байдал Дундад дөрвөн ойрадын холбоог хүчирхэг улс болж чадсангүйгээр үл барам түүхэнд тодорхой бичиг, соёлын сурвалж ховор үлдээжээ. Нүүдэлчин аймгуудын ихэнх ноёд аж ахуй, эдийн засгийн нөөц боломждоо тулгуурлан толгой дааж эрх мэдлээ ихэсгэж, нөлөөгөө өргөтгөхийг байнга хүсэмжилж байдаг. Холбооны шинж бүхий" засаглал нь цэрэг, улс тэрийн орчинд оролцогч аймаг улсуудын орон зайг байнга бий болгон, тэднийг идэвхтэй улс төрийн бодлого явуулахад болон язгуур үзэл санааг хэрэгжихэд нь саад болдоггүй байсан нь дээрх тодорхой ашиг сонирхлыг зохицуулах, хэрэгжүүлэхэд зохих нөхцөл боломжийг бий болгодог байна. Холбооны улс нь холбоонд оролцогч улсуудын хамтын хүчээр гадаад байдлаа бэхжүүлж, дотооддоо газар нутаг, засаг захиргаа,. эрх зүйн тодорхой зохицуулалт хувиарлалтыг бий болгосон учир "Дөрөв"-ийн холбооны мөн чанар удтал алдагдсангүй, харин үзэгдлийн шинж чанартай өөрчлөлтүүд хийгдэж байжээ. Түүхэнд Дөрвөн Ойрадын Холбоо улс гурван удаа зохион байгуулагдаж зарим үед холбооны зарим гишүүн салж гарсан ч оронд нь нөхөн сонгох байдлаар дөрвийн холбооны шинж төрхийг алдахгүй хадгалж байлаа. 1607-1628 оны хооронд Торгууд, Дөрвөдийн нэг хэсэг Ижил мөрний зүг нүүж, дараагаар 1637 онд Хошууд аймаг тэргүүлэн хэсэг ойрадууд Хөхнуурт очиж суурьшснаар "Дөрөв" -ийн холбоо задарчээ. Харин улс төрийн шинэ нөхцөлд Дөрвөн ойрадын холбоо дахин байгуулагдав. Сүүлийн дөрвөн Ойрадын холбоо (1637-1758)-нд Цорос. Хошууд, Хойд, Дөрвөд нар оролцов. Сүүлийн дөрвөн Ойрадын холбооны нэгдэл нягтрал хүчирхэг болж, Азийн улс төрийн өндөрлөгт эзлэх байр суурь нь өсөн нэмэгдсэнээр холбооны шинж төрх өмнөхөөсөө илт өөрчлөгджээ.Сүүлийн дөрвөн Ойрадын холбоонд Торгуудын байр суурийг Хойд аймаг эзэлсэн юм. Эсэн хааны хойч үеийн Цоросын Эрдэнэбаатар хун тайж, болон Байбагасбаатарын хүү Очирт цэцэн тайж нарын хүчин зүтгэлээр Ойрадын холбоо тэр үеийн Азийн том орон Манж Чин улстай эн зэрэгцэхүйц хүчирхэг улс болжээ.Галданбошгот (1644-1697) хааны үед Зүүнгарын хаант улс хэмээн алдаршиж байсан энэ улс 1755 онд Манж Чин улсад эзлэгдэж мөхсөн түүхтэй. Зүүнгарын хаант улс аж ахуй, эдийн засгийн хөгжлөөрөө тухайн үедээ ихээхэн ололт амжилт олсон юм. Гэвч ноёд язгууртны эрх мэдлийн төлөө тэмцэл, хоорондын хагарал бутралаас шалтгаалж бусдын эрхшээлд орсон боловч харийн түрэмгийлэгчдийг эсэргүүцэн орон даяар бослого гаргаж хядагдан цөөрч, салж сарнисан гашуун түүх бий. 1755-1758 оны бослогын дараагаар Ойрадууд нэгдсэн нэгэн улс байгуулж чадсангүй дэлхийн олон оронд тархаж амьдарсаар байна.
Labels:
Ц.Жамсран
Subscribe to:
Post Comments (Atom)
Ерөнхийлөгчийн шинэхэн зөвлөх Ч.Сосормаа: Гол нь иргэдээ сонсдог байх хэрэгтэй юм байна
http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=1287 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх...
-
Монгол орон хүн үүссэн өлгий нутгийн нэг хэмээн тооцогддог билээ. Улаангомын сав газар бол эртний их түүхтэй, соёл иргэншлийн өлгий болсон н...
-
http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=1287 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх...
No comments:
Post a Comment