Friday, January 30, 2009

Эзийн засгийн онол -1


Мөнгөний бодлого, банкны тогтолцоо

Мөнгөний бодллого нь зөвхөн урт хугацаанд үнийн тогтвортой байдлыг хангана. Үүний тулд эдийн засгийн боломжид чиглэсэн мөнгөний массыг зохицуулах бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Мөнгөний массыг жил тутам үйлдвэрлэлийн боломжийн өсөлтийн хурд ба хүлээн зөвшөөрсөн үнийн түвшинтэй тохирох хурдаар өсгөх хэрэгтэй.

Мөнгөний үүрэг:

· Тооцооны нэгж (Мөнгөний функц болох тооцооны нэгж нь эдийн засгийн баялгийг мөнгөн нэгжээр илэрхийлж, тэдгээрийн нийлбэрийг тооцох болон хооронд нь харьцуулах боломжийг хангадаг.)

· Солилцооны хэрэгсэл (бараа-мөнгө-бараа)

· Өртгийг хадгалах хэрэгсэл (Үнийн түвшин нэмэгдсэнээр үнэ цэнээ байнга алдахгүй гэсэн нөхцөлд мөнгө өртгийг хадгалах хэрэгсэл болдог.)

Жич:

Инфляци байхгүй цагт мөнгө нь тооцооны нэгж, солилцоо төлбөрийн хэрэгсэл болон өртгийг хадгалах хэрэгсэлийн үүрэг гүйцэтгэдэг.

Мөнгөний илрэх хэлбэр:

Зарчмын хувьд мөнгөний үүргийг янз бүрийн обьект гүйцэтгэж болно. Гэхдээ мөнгөний функци нь хуваагдах чанар, хэрэглэх боломж, орлуулах боломж, чухал, ховор, дуураймлаар хийхэд бэрх зэрэг уг арга хэрэгсэлд тавигдах техникийн шаардлагыг тодорхойлон гаргадаг. Түүхэнд мөнгөний үүрэг гүйцэтгэж байсан хэрэгслүүд эдгээр шаардлагыг тодорхой хэмжээгээр хангаж байсан. Хэрэв материаллаг үнэ цэнийг шалгуур болговол мөнгөний түүхэн хөгжсөн төрлүүдийг 2 ангилж болно. Үүнд:

· Материаллаг үнэ цэнэ бүхий мөнгө,(бодит эд баялаг байдаг онцлогтой бөгөөд түүний үнэ цэнэ нь мөнгөний биет үнэ цэнээр илэрхийлэгдэнэ. Тиймээс заримдаа таваарын мөнгө гэж яригддаг.)

· Материаллаг үнэ цэнэ агуулаагүй буюу үнэ цэнэ багатай мөнгө.(бодит эд баялаг болон мөнгөний үнэ цэнийг ялгаж салгасан байдаг. Энэ нь ихэнх тохиолдолд шаардлагыг илэрхийлдэг бөгөөд түүнийг кредит мөнгө гэдэг.)

Жич:

Эхэндээ мөнгөн дэвсгэрт нь материаллаг үнэ цэнэтэй зүйлсийг мөнгөөр сольж авах шаардлага хэлбэртэй байсан.

Мөнгөний тодорхойлолт:

Мөнгөний тодорхойлолтын чухал хэмжүүр нь мөнгө солилцооны хэрэгслийн үүрэг гүйцэтгэх явдал юм.

Үндэсний төлбөрийн эргэлтийн хүрээнд мөнгөний үүрэг гүйцэтгэж буй активыг мөнгө гэнэ. Энэ тодорхойлолтын дагуу мөнгө гэдэгт өнөөгийн байдлаар доорх зүйлсийг нэрдлэж болно. Үүнд:

· Мөнгөн дэвсгэрт

· Банкнотууд

· Зоосон мөнгө

· Хугацаагүй хадгаламж (бэлэн бус мөнгө буюу жиро эргэлтийн мөнгө)

Жич:

Өнөөгийн эдийн засагт буй мөнгөний төрөл нь дараах болно.

Мөнгө

Мөнгөн дэвсгэрт

Зоосон мөнгө

Хугацаагүй хадгаламж

Мөнгө үүсгэх ба түүнийг эргэлтээс татах

Мөнгөн тэмдэгтийн нэрлэсэн өртөг нь түүний үйлдвэрлийн зардлаас нэлээд их байдаг учир холбооны засгийн газар мөнгөн тэмдэгт хэвлэхээс орлого олдог. Гэхдээ холбооны засгийн газар мөнгөн тэмдэгтийг дуртай хэмжээгээр хэвлэх эрхгүй ажээ. ХБНГУ-д мөнгийг Бундесбанк элтэнд оруулдаг.

Төв банкны мөнгө:

Төв банкны мөнгө нь мөнгөн тэмдэгт болон жиро эргэлтээс бүрддэг ажээ.

Төв банкны үндсэн зорилго бол үнэ ханшийг тогтворжуулж, холбооны засгийн газарт эдийн засгийн зорилгод хүрэхэд дэмжлэг үзүүлэх явдал юм.

Мөнгө үүсгэхэд учрах хязгаарлалт:

· Төв банкнаас мөнгө бий болгох боломжууд: Германд төв банк мөнгөний тоо хэмжээг өсгөхөд хуулийн хүрээнд ямар нэг шууд хязгаарлалт байхгүй. Гэхдээ эдийн засгийн хязгаарлалт байдаг.

· Арилжааны банкны мөнгө үүсгэх боломжууд: Төв банкны сул мөнгөний нөөц болон түүнийг богино хугацаанд олж авах боломж нь тодорхой нэг арилжааны банкны мөнгө бий болгох чадварыг хязгаарладаг. (Тодорхой нэг банк мөнгө үүсгэхэд тавигдах хязгаарлалт.)

Арилжааны банкны системийн мөнгө үүсгэх ажиллагаанд тавигдах хязгаарлалт:

Тодорхой нэг арилжааны банк зөвхөн өөрт байгаа төв банкны мөнгөний хэмжээгээр зээл олгох болон жиро мөнгө бий болгох боломжтой гэдгийг заримдаа буруу ташаа тайлбарладаг. Ингэж банкны системд өөрт байгаа төв банкны чөлөөт мөнгөний нөөцийг зээл олгоход ашигласнаар мөнгөний массыг нэмэгдүүлэх замаар олон дахин өсгөх боломжтой. Зээл олгосноор арилжааны банкууд зөвхөн мөнгөний зуучлагчийн үүрэг гүйцэтгэхгүй. Энд арилжааны банкны зээл олгох цар хүрээ нь эцсийн эцэст төв банкны мөнгөний массаар тодорхойлогдож байна. Төлбөрийн тухайн тогтолцоо үйлчилж байхад төв банкны мөнгөний массын нэг хэсэг нь арилжааны банкны мэдэлд байдаг бөгөөд банк түүнийг зээл олгоход ашигладаг. Энэ утгаар нь монетаристууд төв банкны мөнгөний массыг мөнгөний суурь гэж нэрлэдэг. Мөнгөний суурь нь эдийн засаг дахь нийт мөнгөний хэмжээг удирдахад гол үүрэг гүйцэтгэдэг.

Мөнгөний нийлүүлэлт, мөнгөний эрэлт ба мөнгөний масс:

· Банк бус байгууллагуудад зээл олгосноор банкууд хэдий хэмжээний мөнгө нийлүүлэх, өөрөөр хэлбэл банк бус секторт хэдий хэмжээний мөнгө байршуулах вэ гэсэн үг (мөнгөний нийлүүлэлт)

· Банк бус байгууллагууд хэдий хэмжээний мөнгөтэй байх хүсэлтэй, өөрөөр хэлбэл мөнгөний хэрэгцээ хэр их байна (мөнгөний эрэлт)

· Банк бус секторт бодитойгоор хичнээн хэмжээний мөнгө байршуулах боломжтой, өөрөөр хэлбэл мөнгөний эрэлт ба нийлүүлэлтийн уялдаагаар мөнгөний нөөц хэрхэн тодорхойлогдох вэ?

Мөнгө бий болгох боломж нь мөнгөний нийлүүлэлт, мөнгөний масс болон мөнгөний эрэлтийн хангагдсан хэмжээний зөвхөн дээд хязгаарыг л харуулдаг.

Мөнгөний нийлүүлэлт:

Мөнгөний нийлүүлэлт нь зээлийн нийлүүлэлттэй нягт холбоотой юм. Тэгэхээр эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт нь арилжааны банк балансынхаа зүүн талыг хэрхэн ашиглаж байгаагаас нь шалтгаалдаг. Мөнгөний нийлүүлэлтийн онлын мөн чанар нь балансын энэхүү байдлыг тодорхойлогч үзүүлэлтийг судлахад оршино.

Мөнгөний эрэлт:

Мөнгөний эрэлт гэдэг томъёог банк бус байгууллагуудын мөнгөний нөөцийн хэрэгцээ гэж ойлгоно. Энд гар дээр байгаа хэрэглэж буй мөнгөний нөөц болон зээл авах замаар бий болох мөнгийг оруулдаг. Кейнсианы онлоор мөнгийг эзэмших шалтгаанаас дараахь 2-ыг илүү чухалчилж үздэг. Үүнд:

· Төлбөр тооцоо гүйцэтгэх зорилгоор (солилцооны үүрэг)

· Хөрөнгөнд байршуулах хэлбэрээр (өртгийг хадгалах үүрэг)

Төвлөрсөн худалдан авалт их байх тусам мөнгөний солилцооны эрэлт мөн төдий чинээ өндөр байдаг. Ийнхүү мөнгөний эрэлт нь хувь хүний орлого болон баялгаас, өөрөөр хэлбэл эдийн засгийн хөгжлийн түвшингээс хамаардаг.

Төв банкны мөнгөний бодлогын арга хэрэгсэл:

Монетаристууд болон Кейнсчүүд эдийн засгийн бодит салбарт мөнгө чухал нөлөө үзүүлнэ гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Мөнгө бий болгох боломж нь арилжааны банкуудад байдаг учраас уг 2 урсгалын төлөөлөгчид Төв банкны зүгээс мөнгөний массыг хянах шаардлагатай гэж үздэг. Гэхдээ энэ 2 урсгал нь Төв банкны эдийн засагт гүйцэтгэх үүрэг болон арга хэрэгслийг ялгаатай тодорхойлдог.

Монетаристууд

Кейнсчүүд

Төв банк мөнгөний нийлүүлэлтийг хагас автомат байдлаар, мөнгөний массын өсөлтийн хурдыг хүлээгдэж буй эдийн засгийн бодит өсөлтийн хэмжээгээр эсвэл үйлдвэрлэлийн боломжийн өсөлтийн хэмжээгээр, мөн хүлээн зөвшөөрсөн инфляцийн түвшинд уялдуулан байнга нэмэгдүүлэх байдлаар удирдах ёстой гэж үздэг. Тэд эдийн засгийн конъюнктурт чиглэсэн, өөрөөр хэлбэл “дискрец” мөнгөний бодлогыг зарчмын хувьд эсэргүүцдэг.

Кейнсчүүд үүний эсрэгээр, юуны өмнө хүүгийн түвшинг зохицуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг дэмждэг.


No comments:

Post a Comment

Ерөнхийлөгчийн шинэхэн зөвлөх Ч.Сосормаа: Гол нь иргэдээ сонсдог байх хэрэгтэй юм байна

http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=1287 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх...