Thursday, January 7, 2010

Даланзургаан модон хүний үлгэр : Гутгаар бүлэг

Энэ нийтлэлийн фэн болцсон байна.Та нар ч бас уншаад үзээрэй
... Сэлмэн эвэрт ямаануудыг "янгир мэт болой" хэмээн гошгоруулсаныхаа дараагаар Ховордож баатар энэхүү бэлчээр талхлаачдад тус бүрд нь таван атга өвс ноогдуулаад хэнээр хариулуулахаа эргэцүүлэн хэсэгхэн саатав. Түмэн цагдаагийн мөрний арьсыг эгэмний ястай нь хуу татаж нүүрний сайрыг ханзалдаг, Сүхийн талбай дээр лааз нүдэн, лооль хагалж таашаал авдаг ТасОнгон, ДухДагз нарыг Баачихсан чуганцад бараа болгон дагалдуулаад арван янчаанаар урамшуулж, "хожим модон хүний нэг болно доо" гэсэн гэнэн мөрөөдлөөр нь далимдуулан гошгоруулаад олон ямаануудыг сахин суу хэмээн үлдээлээ.



Энэ хооронд БуянтЖагаа, ЭнхиБалдо нар өөрсдийн бүтэлгүй хэргээс үүдэн санаа сэтгэл нь газар лугаа унаж савдагийн дүрээс гарч ардын төрхөнд хувираад, тэнгэрт од болон гийж газарт цэцэг болон ургъя хэмээвч ухаан үл хүрэх тул эргээд л Намбарваани мангасын баруун зүүн ханцуйнд нь шургаж дараагийн даалгаварыг оноотол мянган жил саатмой.

"Ховордожийн намавтгар биеийг би мөхөсхөн үнэлжээ, өөр илүү бярт савдагийг үтэр дуудан ирүүлж фёодалуудыг нэг мөсөн даран сөнөөсүү" хэмээн Намбарваани өгүүлээд баруун хязгаар тийш гараараа жар даллан хөлөөрөө ная савчин, улаан сарнай хатгасан улаан муутуу дарцагийг салхин дор намируулж, дөрвөд аялгаар учир үл ойлдох дөчин тарнийг гурав хоног тасралтгүй уншив. Ингэхэд дээрээс аянга бууж, доороос хад урган час улаан тархин дээрээ тэмээн чинээ том хар мэнгэтэй, уршиг урхаг нь орчлонд хэтийдсэн Намдарж мангас залран ирээд галаар тургин амьсгалж араат шүдээ ярзайлган архирах хоолойгоор Намбарваанитай мэндлэв.

Намдарж: Куучны анд чэнээ кэрэг зориг юун, кэркэх гэж намайг дүүйдах болов аррр аааррррр (архирана)

Намбарваани: Бярыг чинь ашиглан ардчилсан фёодалуудыг даруулах гэв

Намдарж: Аррр ааарр, Кээн юм, тэднийг күнээгөөд (хөнөөгөөд) маньд юуны тустайв

Намбарваани: Чиний өстөн Гүндалчаак тэдэнтэй хамт айсуй, түүний амандаа багтахгүй чалчаа гурван зуун хэлийг зуушлан шарж идэх аваас наад муухай том хар мэнгэ чинь хатаж алга болно. Гүндалчаакийг дайрах үеэр чинь Ховордож, Үүлэнбат нар хөлд чинь үрэгдэх ажгуу. Хуучны нөхөр Намдарж минь бушуу очиж тэднийг нам дарж өгөөч.

Ийн хэлсэнийг сонсоод Намдарж санаа шулуудан ардчилсан фёодалуудын зүг бушуухан давхин очив. Аймшигт мангас хүрч ирээд жаапных нь дугуйнуудыг тасар татан хаяхад фёодалуудын төмөр хүлэг явах аргагүй болж гацлаа. Ховордож,Үүлэнбат болон бусад ардчилсан фёодалууд түгшин түгшин гадаах орчныг ажин жаапан дотроосоо гарч чадахгүй дагжин сууна. Хэдийгээр Намдарж мангасын хүч бяр их авч мянган галаар шүршихэд доторхи иргэдийг өчүүхэн хайрахгүй долоон төө зузаан болд төмрөн ханатай оржигнал том хар жаапыг нь яаж ч чадсангүй дэмий л гадуур нь маажина. Богд уулын хагасыг авч шил цонхыг цохиход огт нэмэр байсангүй, туул голын усыг амандаа цутган мөсөөр тургихад ч хөлдөж шальсангүй ээ. Хэрхэх учраа олохгүй ихэд бухимдан "та муусайнууд кэр удаан наанаа сууж чадахын, эргүү кэмүүс минь Гүньдалчаакийг л гаргаад үгүүл би таануусыг тайван явуулы" гэж их дууг хадаан бархирахад Алтайн нурууны хамаг ан амьтад Хангайн нуруу луу үргэн одов.

Жаапных нь гадаа дөрвөн жил сахин суусан ч ардчилсан фёодалууд дотроо суун гүрийсээр. Гарч чадахгүй хоригдсон хэдий ч сэтгэл нь түүртэхгүй Гүндалчаак жаапны дотроос дөрвөн жилийн турш элдэв ёж үгээр Намдаржийг хатгаж улам бүр зүрхийг хилэгнүүлнэ. Ленинградын бүслэгдсэн иргэд шиг цонхныхоо цантсан мөсөөр хооллон дөрвөн жил гүрийсэн Үүлэнбат нэг л өдөр тэсгэл алдаж Гүндалчаакийг үүдээр гарган чулуудахад нохой хөөх муур, ороо нь орсон азарган тахиа мэт Намдарж мангас Гүндалчаакийн хойноос элдэж хөөгөөд хорвоогийн нөгөө өнцөг тийш зүглэвээ. “Барих уу даа, барих уу даа” хэмээн гурван зуун тагнайгаараа орилон шоолон дутаах Гүндалчаакийг хөөсөөр дэлхийг гурвантаа тойроход Намдарж савдаг аргагүй ядарч сульдаад хүчээн нөөхийн тулд эргээд мянган жил нойрсох шаардлагатай болов.

Энэ бүх байдалыг шидэт толиндоо харж нэгэнт хэрэг бишдсэнийг ухаарсан Намбарваани Цөлмөн хатныгаа луусанд мордуулж дутаалгаад өөрөө хойноос нь одохоор болж эд агуурсаа тэргэнд ачин хол зүгт гарах бэлтгэлээ шалавхан базаав. Далан хүн сундлахад дааж давхидаг хүчит хүлэг мориндоо мордох гэхэд үл ойлгогдох шалтгаанаар хүлэг морь нь бусган займчиж будилан гишгэсээр газарт унан нөгөө ертөнцөд одлоо. Уналга үгүй болсон Намбарваани дэргэдэх Баярс савдагаас тус гуйн хандахад цаадах нь сархаданд хордоод морьноос ойчиж гэмтсэн биеэ эмнүүлэхээр гуулин улсыг зорих гэж буй тул “чиний хэрэг надад үл хамаатай, Ховордожтой өөрийн гараар шударгаар байлдагтун” гээд үл тоон одвоо.

Уулын сүүдэрт нуугдаж ургаа модонд халхлагдъя гэвч хараа үл хүрэх газар Ховордож баатарт үгүй тул Намбарваани гарцаагүй гардан тулаанд орохоос аргагүй боллоо. Бүтэн өдөр хүлээсний эцэст Ховордож Үүлэнбатын хамтаар Намбарвааний өргөөний гадаа ирээд их дуугаар дуугаар зүрхийг зүстэл нь гийнгоолоод тулаанд дуудав. Ховордож,

Чиний дуудсан мангас савдаг, буруу санаатай атга жөтөө бүхнийг гэтлээд Үүлэнбат андын хамтаар голын чинь хар цусыг уух гэж ирлээ. Бууж өгч улаан тугаа цагаан болго, эс бөгөөс юу болохыг тэнгэр мэдтүгэй.

Ийн өгүүлэхийг дуулаад Намбарваани тулалдахаас зайлсхийгээд буулт үзүүлэн өргөөнийхөө түлхүүрийг Ховодож баатарт өгвөө. Ховордож баатар нь Ховордож мангас болох эсэхийг цаг хугацаа харуулах бизээ.

Friday, December 25, 2009

Даланзургаан модон хүний үлгэр : Дэд бүлэг

Янзтай...Уншаад үзээрэй

.Жаапных нь урдуур ч нэг юм сүүтгэнээд ардуур ч хэсэг өвс арвалзаад дээрээс дууудаад ч байгаа мэт, дэргэдээс нудраад ч байгаа мэт хачин санагдах ахуйд Ардчилсан фёодалууд оньсон хүлгээ түр амрааж найман зовхис лугаа хараа бэлчээцгээв. “Хүний бараа харагднуу, сүнс чөтгөр байвал гарыг нь цайлгах зоос бэлд” хэмээн Ховордож баатар бусаддаа анхааруулах.

Тэнд, тэнд сая нэг юм цухуйсансан, алив Үүлэнбат минь биднийг хорлох атаатан байна уу тус гуйсан амьтан байна уу үзэж ир хэмээн хошгоруулав. Үүлэнбат үүр цайтал мөр хайгаад үнэртэх эрхтэн нь чилээд юу ч олсонгүй. Хайран цагаа үрж хамарны мэдрэмжээ цуцаасандаа бухимдангуу, бас нөхрийн үүргийг үл гүйцэлдүүлэв хэмээн нэрэлхэнгүй бодолтой жаапан дээр эргэн ирэхэд нь юу вэ харин үлдсэн фёодалууд нэгэн үл таних адгуустай эс мэдэх сархадыг хүртэн огт ойлгох үгийг хэлцэн буйг хараад Үүлэнбатын цагаан үс нь улам цайж уцаар нь чинээндээ тулваа.Өө Үүлэнбат минь энэ эрхэм андтай танилцаж алтан сархад атиллаг зоогло. Буруу зүг явуулж хий дэмий тамирыг барсанд хүлцэгтүн, алив Гүнээ түрүүний маниуст барьсан юмаа энэ андад хүртээ, гэж Ховордож баатар хэлэв.

Голын загаснуудтай мэтгэлцэж ойлголцдог, жаран эртэй зэрэг хэрэлдэхэд зургаан уулын буга үргэж зуун шулмын хов болдог, дөчин эмтэй хавсран маргахад хэл нь хатдаггүй шүлс нь зуурдаггүй, хөдөлсөн болгоныг хоргоож оролддог хүн бүхнийг сөргөж өддөг гөлийсөн нэгэн эр Үүлэнбатад айхтар амттай сархад гардуулсан нь Гүндалчаак ажээ. Гүндалчаак,

- Одоо ингээд энэ машинтайгаа та нар сайхан явна гэж боджийнуу тэгдгүй байхгүй юу. Өөдөөс чинь аймар хоёр амьтан ирж та нөхдийг элдэвийн хорлонд унагах гэж буй. Би бол чинхүү шударгыг л хэлдэг бөлгөө, нэг фёодалаа жийгээд оронд нь намайг жаапандаа суулгавал түмэн үгээр дэмжсүү. Ховордож,

- Нөхөн тулаанд үл дайтвал хамт жаргана гээд хулхидсан нэгэн өс, гучин ёсөн модон хүүхэлдэйнд оньслож хийсэн утсаар гарыг нь татаж өргүүлээд хүзүүг минь хуулийн дагуу харуулдсан бас нэгэн өсийг санаж тэр Ми гомбоо ЭнхиБалдог нүүрээр нь газар чирж нүглийг нь саванд дүүргэж арьсаар нь дугуйны нөхөөс хийж махаар нь Үүлэнбат андыг хооллох үнэхүү сэтгэл надад төрөв. За ингье, та бүхэн минь хөлийн хурдаар уралдан гүйгээд тэээээр тэнд харагдаж буй саглагар мөчирнөөс нэг нэг навчийг авчирцгаа. Хамгийн сүүлд хоцорч ирсэнийгээ үлдээж бусад нь одюу гэж хошгоруулахын завдалгүй нэг фёодал Ховордожийн үгэн авианаас түрүүлж навчинд хүрэхэд нь, за бусад нь хурдан жаапандаа суу гээд эргүү амьтныг ирэхээс өмнө дуунаас хурдан оньсон хүлгээ асааж гэнэн хүмүүнийг өнчин мөчир зулгаасан навчтай нь үлдээгээд тоосоор хучин шунгинаваа.

Энэ хооронд Намбарвааний баруун зүүн ханцуйнаас дуудагдсан хоёр амьтас фёодалуудыг хэрхэн цохихоо хэлцэн гэлдрэнэ. Буянт жагаа,

- Алив чи явж авилгалд өгсөн газраасаа буман ямаануудыг тууж ир. Би тэднээс ноолуур самнаж голем буулгана. ЭнхиБалдо хариу өгүүлрүүн,

- Энэ удаад чиний эрдмийг үзье. Эс бүтвээс миний үгийн дагуу гар хөл халдаганы үзүүрт зарагдаж, далласан газарт ил гарч далайсан газарт гулжигнаж явагтун, хэмээгээд газар ухан одов. Мэргэн ард өргөөнийхөө гадаа нарлаж хажуугаар өнгөрөх эмс охидтой маазрангаа ирэх мянган жилийн Монхоолын үйл учирт зовнин суух дор газраас гар цухуйж бэлчээртэй ямаанаас чирч гулдрах харагдав. Тэр юун муухай мутар эргэн тойрны хүүхдийг цочоож хүүхнийг үргээв гээд Мэргэн ард хулгайн сарвууг барьж авсанд ЭнхбиБалдо,

- Ай өршөө намайг, буруу хүний ямааг буруу аргаар авах гэсэн байна. Өгөрийн муу Ховордож Үүлэнбат нарын фёодалуудаас гэгээн Намбарваанийгаа хамгаалах гэсэндээ л айлын ямааг бэлчээртэй нь ухаж амьтан бүхнийг авилгадаж явна би. Гэсэнд Мэргэн ард,

- Чи манай их балгадын өнгөтэй бүхнийг хужаагийн зогсоол болгоод нүгэл бүхэндээ хахууль авч гэдэс чинь дийлэхгүй зовхи чинь унжсан зөв сэтгэлгүй муу хүн байна. Хорыг хороор гэж та муусайн амьтасын нэгнийгээ даран сөнөөхийг би бахдалтайяа харж суух болно, үтэр зайлан од. Энэ мэт ардтай олон тааралдаж явсаар нар сарыг мянгантаа мандсаны эцэст есөн түм есөн мянга есөн зуун ерэн есөн ямааг арай ядан тууж авчрахад Буянт жагаа “Нэг ямаа дутав” хэмээн ихэд хилэгнээд,

- Ховордожийг даран сөнөөхийн тулд ноолууран Голем буулгах гэсэн санаа агуулсансан. Ширхэг ямаа дутах учир миний Голем сахал үгүй болохоос гарцаагүй. Цусар урс нөжөөр гоож толгой нь тасраг гэж, сахалгүй голем хэрхэн Ховордожтой тэмцэх билээ. Гэхэд ЭнхиБалдо,

- Чи миний их зүтгэлийг талаар болгох аваас гишгэх газар үлдээлгүй хээрээр нэг сэгийг чинь тараана шүү. Хурдан ондоо мэх сэтгэ, гэж өвчигнөв. Буянт жагаа ямаа бүхнээс атга ноолуур самнаж том бөмбөрцөг урлан үлдсэнийг халаасандаа агуулаад ийн хүүрнэв,

- Эдгээр ямаанууд энгийн малнууд биш эвэртэн дайчид боллоо. Миний бүтээсэн энэ том шааригны зүг очиж амьд адгуус амьгүй эд бүхнийг хурц эврээр сүлбэх учиртай. Хэмээн дөвчигнөөд нөгөө том шааригандаа хэдэн үгс шившэн Ховордожийн зүг тэвэгдэн нисгэвээ. Ноолууран бөмбөрцөг өнхрөн ойсоор фёодалуудын жаапны дохиог хангинуулан мөргөлөө. Аймшигт есөн түм есөн мянга есөн зуун ерэн найман (хамгийн царайлаг нь буянттай хамт үлдсэн) ямаанууд бөмбөрцбөгийг дагалдан ир хурц эврээ гялтгануулан айсуй. “Би тэднийг аргалах уу нөхдөө” гэж Үүлэнбатыг хэлэхэд Гүндалчаак,

- Хээхх чиний цагаан үсийг ширхэгийн дагуу зүсэх хурц эвэртэн амьтас ирэхэд араа шүд чинь нэгийг нь зуувч бусдад бүлэгдэнэ. Би гарч далдаганъя нөхөд минь. Гэхэд Ховордож,

- Та баатрууд минь уужуухан сууж уухаан үргэлжлүүл. Бараа нь хэдий сүр их авч атгын чинээ тархитай арганд автах амьтас юм. Би очиж хошгоруулъя. Ховордож ийн өгүүлсэний дараа жаапнаас гарч том ноолууран бөмбөрцөгийг цээжиндээ тэврээд эвэр туурайтнуудын өөдөөс очоод ийн чарлав. - Ээ сайхан янгирнууд минээ амар явцгаана уу. Түр намжиж миний хэдэн үгийг сонс. Одоо нэгэн рүүгээ ингэж муухай дайрдгаасаа татгалзяаа, татгалзъя. Сая Үүлэнбат надад “Энэ ямаанууд манай жаапыг мөргөж сийчинэ дээ” гэж хэлсэн. Харин би түүнийг буруутгаад “үгүй эд нар чинь ямаа биш янгир байна” гэж зэмлэсэн. Ямаан омгоосоо салж чадвал та нар Янгир болж чаднаа чадна.

Өнөөдөр, зуун тэрбумыг залгилаа гээд Далан зургаан модон тархит амьтдыг яах ч үгүй атал зуун грам ноолуур дутаасны төлөө та нөхдийг өвлийн идшэнд явуулж байнаа.

Өнөөдөр зуун газрыг цөлжүүлсэн гээд алт зэс олборлогч савдагнуудыг гэсгээхгүй атал зуун алхам илүү гишгэсний төлөө та нөхдийг бэлчээр талхлав хэмээн өвлийн идшэнд явуулж байнаа.

Энэ үнэхээр шударга бишээ. Тэгэхээр Монхоолын сайхан ямаанууд та нар эвэр шигээ хурц ухаан гаргаж тэр авилга, тэр шударга бус явдал, тэр муу бүхэнтэй тэмцэж гэмээнэ янгирийн дүрд юмаа тийн. Та нар одоо ч гэсэн уг ноолууран бөмбөрцөгийг хараад эмзэглэж л яваа байх. Үнэндээ энэ их баялгийг Ховордожийг даруулахын тулд дэмий бөөрөнхийлж үрснээс мянган өнчин ишгэнд нэмнээ хийж өгвөл шударга шүү дээ. Ингэж хийдэг байхгүй юу эд нар, шударга бай л даа шударга бай хахахахаха.

Ховордожийн энэ айхтар туулсийг сонссон ямаануудын нүднээс аяга нулимс бөмбөрхөд зүлэг ногоо нахиалан ургасан төдийгүй сарын чанадаас чагнаж зогссон Мэргэн ард Аанхаа хүртэл уярч хайлваа. Дэд бүлэг төгсөв

Thursday, December 24, 2009

Ардчиллын өргөөнд тоосго хандивлая!

Ардчилсан намынхан одоо байгаа байрныхаа буурин дээр 20 давхар өргөө босгохоор энэ сарын 6-нд шав тавьсан билээ. Өргөөг босгоход Монголын иргэн бүрийн хувь хандив хэрэгтэй байгаа бөгөөд тус намын дарга Н.Алтанхуяг “Ардчиллын 20 жилийн ойгоор 20 давхар өргөө барихад хүн бүр 20 тоосго өгье” гэсэн уриа дэвшүүллээ.
Тэд банкуудад хандивын данс нээснээ зарлаж намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, барилгын зураг төслийг гүйцэтгэсэн архитекторч Б.Балдан нар өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа.
Ардчиллын өргөө нь 28000 амметр талбайтай, 120 метр өндөртэй, урдаа цэцэрлэгтэй байх аж. Шав тавьсан өдөр анхны 500 мянган төгрөгийн хандив орж иржээ. Өргөөнд 500 мянга хүртэл төгрөгийн хандив өргөсөн хүний нэрийг хүндэт хандивлагчийн дэвтэрт бичиж мөнхжүүлэх гэнэ. Дэвтрийг өргөөнд байрлуулж, цахим хувилбараар мөн хийх аж. Нийт 21 аймагт хандивын аян өрнүүлэхээр болжээ. "Ардчиллын өргөө-Ард түмний өргөө"-г барихад 50 сая ширхэг тоосго орох бөгөөд Монгол Улсын иргэн бүр 20 тоосго хандивлахад энэ тоо гүйцэхээр тооцоолжээ.
500 мянгаас нэг сая хүртэл төгрөг хандивласан иргэнд хүрэл, нэг саяас таван сая төгрөг хандивлавал мөнгө, таван саяас дээш төгрөг хандивлавал алтан тоосго өгч ардчиллын өргөөний хананд нэрийн хуудасны хэмжээний зай эзэмших эрх олгох гэнэ. Тэр зайд нэрээ, компаниа бичиж мөнхжүүлж болох аж. Өргөөний нийт өртөг хараахан гараагүй бөгөөд тоосгонд 15 тэрбум төгрөг хэрэгтэй ажээ. Эхний удаад 15-20 тэрбум төгрөг хэрэгтэй юм байна.
Хандив өргөхийг хүссэн иргэд Худалдаа хөгжлийн банк-499137968 /төгрөгийн/, Хаан банк- 5107029274/төгрөгийн/, Голомт банк- 1601027941/төгрөгийн/, 21396021 /долларын/ гэсэн дансанд мөнгөө шилжүүлж болох аж.



Thursday, December 3, 2009

Далан зургаан модон хүний үлгэр : Интроодаакшн (Тэргүүн бүлэг)

энийг бүгдээрээ уншиж үзээрэй.http://aanxaa.blog.gogo.mn/read/entry57973-аас авав

Монхоол гүрний хамаг алтыг Намбарваани мангас өөрийн мунхаг албат нарын хамт хурааж цуглуулаад ардыг аж төрөхөд тотгор болон суух бөгөөд түүний шуналт хатныг Цөлмөн гэх. Намбарваанийн сэтгэлийг ухваас, түмэн голын ус ширгэхэд ажрахгүй атал хараантных нь ус тасрахад ихэд хилэгнэн нисдэг тэргээр цэвэр ус зөөлгөж амаа зайлдаг, түмэн хүүхэд хордоход гунихгүй атал эхнэрийн нүүрэнд батга гарахад шаналал болон ууланд авирч савдаг зовоодог ажгуу. Намбарваанийг дарах гэж есөн баатар эрс ирвээс тавыг нь хахуульдаж нөгөө дөрвийг нь даруулах, үлдсэн таваас хоёрыг нь гүтгэж гурваар нь нухуулах, үлдсэн гурвынх нь нэгийг нь гадуурхаж нөгөө хоёроор нь алуулаад сүүлчийн хоёр баатарыг өөрийн гараар тонилгож хахуульд өгсөн бүх алтаа буцаан авдаг үнэхээрийн аргат нэгэн бөгөөд санаа гэж сарны тэртээ аялах мэт уужим бөгөөд уршигтай. Амт хурц архинаас арван шилийг уусны дараа “Сархад амнаас үнэртвэл яана” хэмээн зовоод хүсэл байвч дараагийн үрүүнкийг тэвчин цээрлэдэг, анд нь юмуу атаатан нь юмуу үл мэдэгдэх Баярс гэгч нэгэн савдаг мангасын хажууд овор нэмэн суух бөгөөд хараа хурц үг ширүүн бөгөөд нэг удаагийн эхнэрээс нэжгээд хүүхдийг аваад алс цөлж одуулдаг сэтгэлтэн юм.


Үг олон ч үйл хомс хүч их ч хүзүү үгүй нэгэн баатарын алдарыг Ховордож гэх агаад амьд бүхний тархийг гавалнаас нь гаргаж ирээд өнгөлөн зүлгэж хөөсрүүлэн сойздож угаасныхаа дараа мутрын үсгийг сийрүүлэн үлдээгээд буцааж хийдэг эрдэм номд төгс гэгээрсэн нэгэн аж. Дөчин түмтийг гарын дор хураасан цаснаас цагаан үстэй нударган атман Үүлэнбат гэгч сайн эр түүний үнэнч нохос болон хамгаалан манах. Ховордож баатар "сархадаар бороо оруулж, гурилаар цас будруулна" хэмээн үгээгүй ардад амлаад дөрвөн жил зажилсан бохио газарын мухар лугаа нуун орхиод эргэн эргэн харсаар сэтгэл нь тавгүй мэт алхлан мангасыг даран одохоор зэхэв. Үүлэнбат өгүүлрүүн, анд чиний бүтээх их хэрэг намавтгар биед чинь ахадхаар билээ, нөхрийн хажууд сахин хамгаалж арслан ирвээс алцайтал нь *ааж, баярс ирвээс бадайртал нь охож элдвийн хар шулмуудаас хамгаалан сархад дарсаас холуур байлгаж, садар эмсийг үргээн хуцаж байя, авилгал идэх аваас цагаан үс минь халзраг, ах намд автах болбоос автын осолд орог андгай тангарагаас шарвуул ам хэл аниргүй болтугай гээд түүнд бараа болж дагав.

Ийнхүү хоёр анд хорин жилийн газрыг туулахаар үнээн тэрэг хөлөглөн гарваа. Үнэнээр явбал том хар жаапнуудыг ч үнээн тэргээрээ гүйцэнэ хэмээгээд гүрийж наян хоног зүдэрсэн ч Монхоол гүрний уур амьсгалыг хөөрхий үнээ даасангүй турж эцэн байхад Ховордож үл хэрэгсэн хоног тутам арван хувин сүү сааж ардад борлуулан ашиг олох. Нэгэн өглөө Үүлэнбат үнээгээ сэрээх гэж ам цангатал ульсанд эс нөлөөлөхөд гайхан очвоос хөөрхий үнээний туурай элэгдэж хөл холцроод хэдэн хавирга нь ширээ нэвт зүсэн гарч ирээд өвлийн идэш хийхэд ч хэцүү болж нас нөгцсөн амой. Уналга үгүй болсон хоёр анд хэрхэхээ мэдэхгүй лааз өшигчин ахуйд алсын сарын газрын чанадаас тоос манарч ойртох юм гэнэ. Тохой газар газар хороохын төлөө тонн бэнзээн шатааж тортог утаа нь дэлхий тойрдог том хар лааанд жааптай хэсэг феодал уусан ус идсэн хоолны үлдэгдлийг цонхоороо гарган чулуудан яваа агаад утаат нутгийн үгээгүй ард уралдан булаалдан авцгааж буй нь ийнхүү харагдаж байжээ. Жааптай хэдэн феодалууд Ховордож, Үүлэнбат нарын харалдаа ирснээ ихэд тал засан өөсдийн унаанд сууж мангасын нутагт хүргүүлэхийг учирдав. Ховордож өгүүлрүүн, хэрэв миний үнэнч нохос Үүлэнбат энэ том жаапны чинь дугуйг хорин удаа хазахад зүүний учигны чинээ сэв гарахгүй бол та нөхөдтэй хамт бид одсуу, эс бөгөөс та нар хагархай дугуйтайгаа үлдсүү. Ингэхэд Үүлэнбат цагаан үсээ сагсалзуулан ирээд айхтар жаапны хаймран дугуйнд шүдээ зоох гэж үзээд үнэхээр эвийг олсонгүй тул тэд нааш харж инээгээд цааш харж уйлаад феодалуудын жаапанд сууваа. Үүлэнбат Ховордожын чихэнд шивнэхүй, за энэ өгөр феодалууд биднээр мангасыг даруулаад өөрсдөө хамаг алтыг авах гэсэн санаа агуулсанаас зайлахгүй, хоёул зам дөхөнгүүт үтэр үсрэн бууя хэмээхэд Ховордож

-Анд минь бид нэгэнт фёодалуудын жаапанд суусан тул өөрсдөө фёодаль болж буй хэрэг. Эднийг хулхидан арга мэхэндээ оруулж хэсэг газар зорчиход юу эс буруудах билээ, хэмээн хариуллаа.

Энэ хооронд Баярс бүлэмцүүхэн хандлагатай Намбарвааний өргөөнд очиж тайван атлаа ширүүн агсам үгсийг ийн чулуудав,

-Алсын тэртээгээс ардчилсан фёодалууд чамайг нухахаар айсуй. Үүлэнбат хоолойг чинь зууж, Ховордож тархиар чинь бөмбөг өшиглөн наадахаас эмээхгүй суух чинь юув. Намбарваани хээрийн чинээ торгыг хэрж нэхсэн урт шар дээлнийхээ баруун ханцуйнаас туг ноолуур гаргаад “Буянт мал ямаа юм Бузгай урт жагаа сэр сэр сэр” гэж шившхэд түүний өмнө ямаан омогт ямаан зүст ямааны зурагтай ноолууран гоонж өмссөн өндөр биетэй шөвгөр нүүртэй адгуус гарч ирлээ. Энэхүү аймар адгуус болбоос цагтаа далан зургаан модон хүний нэг нь явсан бөгөөд уг нь урьд төрөлдөө Мэргэн ард Аанхаагийн шүтдэг хүмүүсийн нэг байсан авч ямаатай нөхцсөний улмаас ардуудад ад үзэгдэн Намбарвааний ханцуйнд нуугдаж амьдрах болжээ.

Намбарваани харин зүүн ханцуйнаасаа олон зоны бөөгнөрөл болсон Баатарулаан хэмээх нэгэн их балгадын хуучирсан зурагны тасархай гаргаж ирээд “Хужаа нарт зарсан газраасаа Хурлийз хүү ир ир ир” гэж шившхэд Ми Гом Бо ЭнхиБалдаа хэмээх айтар нэртэй бас нэгэн мангасанцар гүзээгээ унжуулан бууж ирлээ. Тэрбээр Сүхбаатарын талбайд хужаа үрийн төмс тариад газрыг нь Мангаст, ургацыг нь ардчилалд шахаад хэрэггүй үлдсэн навчнуудыг нь ардад буцалтгүй тусламж болгон тараасныгаа зурагтаар зарлаж сайн хүний дүр эсгэдэг аймар амьтан бөгөөд Ховордож баатарын уртаа хүзүүг хуулийн дагуу хулхидан авсан гөлийсөн царайтай бүлцийсэн нүдтэй сайн ажвал мэргэжлийн сумогийн Ваканосато шиг царайтай намбарвааний үнэнч мангасанцаруудын нэг билээ.

Намбарваани хоёр аймар этгээдийг ийн дуудасны дараа “жааптай фёодалуудыг замд нь хорлож ир, Үүлэнбатын толгойг Ховордожийн хэлтэй авчрахгүй бол бүү буцаж ир” хэмээн зандрах учирлах манжлахын дундуур хэлээд нэжгээдхэн зоосоор урамшуулан явуулваа.

Тэргүүн бүлэг төгсөв. Дэд бүлэг coming soon

Friday, October 16, 2009

Монгол улс 2070 онд (зөгнөл)

2070 оны 3 сарын 13. CNN мэдээ: Өнөөдөр Монголд дэлхийн хамгийн өндөр цамхагийн нээлт болох гэж байна. Энэ нь тус улсад удахгүй болох олимпийн арга хэмжээнд зориулагдсан гэнэ.

Уг арга хэмжээнд АНУ, Япон, БНХАУ, Франц, Герман, ОХУ зэрэг томоохон улсуудын ерөнхийлөгч оролцох юм. Арга хэмжээний далимд эдгээр ерөнхийлөгч Монгол улсын ерөнхийлөгчид бараалхаж хамтарч ажиллах, өөрсдийн улсуудад хөрөнгө оруулалт хийхийг хүсэх, зээл тусламж авах талаар хэлэцээр хийнэ.
Монгол орон сүүлийн 60-аад жилд үсрэнгүй хөгжсөн түүх нь их сонин юм. Одоогоос 60-аад жилийн өмнө 2009 онд Монгол улс маш ядуу орон байсан бөгөөд тэр үед Таван толгой, Оюу толгой гэж 2 ордоо гадныханд алдах шахсан түүхтэй улс.

Гэхдээ ухаалаг эрх баригчид гадныхантай хамтрахаас эрс татгалзан дан ганцаар эзэмшин, ОУВС-ийн зээлээр уул уурхайн механизм авч, бүх хөдөлмөрийн насны ажилгүйчүүдээ сурган ажлаар 100% хангаж бага багаар олборлолтоо нэмэгдүүлж өөрсдийн тэргүүлэх туршлагыг дэлхий нийтэд таниулсан агуу ард түмэн юмаа. Монгол хүний зохион бүтээх шинийг эрэлхийлэх, аливааг хялбарчлах арга эрт дээр үеэс түүхтэй. Олборлосон ашгаараа уул уурхайгаа шат шатаар нэмэгдүүлсээр БНСУ, Австрали, АНУ, ОХУ-аас гэрээт ажилчид ажилуулсанар олборлолт улам нэмэгдсэн.
БНСУ-аас Монголд ажиллах визний ярилцлагад оролцогсодын тоо өнөөг хир нь буухгүй л байна. Аргагүй дээ хэдийгээр тэдний авах цалин Монголчуудад бага мэт санагдах боловч тэдний хувьд маш их мөнгө юм. Монгол улсад цагаачлaгчдын тоо өдөр бүр нэмэгдсээр л байна. Монгол улсад суугаа элчин сайдуудын уулзалт болж виз олгох тал дээр арай нааштай хандаачээ гэсэн хүсэлт удаа дараа тавиад байна.
Монгол улсад амьдрах хөх картны (bluecard) сугалаа интэрнэтийн сайт бүрт тавигдаж Монгол хэлний курст суугсдын тоо сүүлийн 10 жилд 4 дахин өслөө. Хараар амьдарч байгаа хун бүрт 2000 төгрөг өгч нутагт нь үнэгүй буцааж байгаа бөгөөд 1 төгрөг нь 10 орчим доллартай тэнцдэг гэнэ. Монгол улсын иргэд нь дээд зэргийн соёлтой гэмт хэрэг маш бага гардаг, 1 хүнд ногдох спиpтийн төрлийн ундаагаар дэлхийд хамгийн багад тооцогдох болсон.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, ДНБ, ҮНБ, ҮО, зэрэг үзүүлэлтээр тэргүүлж эхэллээ. Цалин өндөртэй болохоор хахуульд ер автахаа болисон ганц орон юм. Гэхдээ хууль маш чангатай, хуулиа хүн бүр сайн мэддэг болохоор зөрчих явдал гараад байдаггүй. Дэлхийн томоохон бизнэсменүүд Монголын банкуудад мөнгөө хадгалуулсаар, Швецарийн банкууд дампуурахын ирмэгт тулаад байна. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа манай мэдээ үргэлжилж байна.

Friday, September 25, 2009

Ороод үзээрэй

http://www.data.mn/index.php?option=com_content&task=blogcategory&id=1&Itemid=75&limit=10&limitstart=10
Хаягаар орвол манай ангийн блогоос татсан материал байж байна.

Friday, September 18, 2009

Facebook-ийн хэрэглэгчдийн тоо 300 саяд хүрлээ.

“Facebook” найзын сүлжээний нийт хэрэглэгчдийн тоо 300 сая хүрсэн байна. Энэ нь АНУ-ын нийт хүн амаас ердөө долоон саяар бага юм. Тус компанийн ерөнхий захирал Марк Цукерберг хэрэглэгчиддээ талархал илэрхийлэхийн сацуу дэлхийн бүх хүнийг холбох зорилт нь дөнгөж эхэлж байгаа тухай ярьсан байна. Тус компани долдугаар сард 250 сая хэрэглэгчтэй болсон тухай зарлаж байсан бол ердөө хоёрхон сарын дотор энэ тоо 50 саяар өссөн байна. Үүнээс харахад тус дэлхийн өнцөг булан бүрт буй найзуудыг холбоход тусладаг вэб сайтын бүртгэлтэй гишүүдийн тоо өдөрт 800 мянгаар өсч байгаа гэсэн үг юм. Судалгаанаас харахад “Facebook”-ийн нийт хэрэглэгчдийн 70 хувь нь АНУ-аас өөр оронд байдаг аж.

Ерөнхийлөгчийн шинэхэн зөвлөх Ч.Сосормаа: Гол нь иргэдээ сонсдог байх хэрэгтэй юм байна

http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=1287 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх...