Wednesday, April 14, 2010

Ерөнхийлөгчийн шинэхэн зөвлөх Ч.Сосормаа: Гол нь иргэдээ сонсдог байх хэрэгтэй юм байна



http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=1287

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч. Сосормаатай бид уулзлаа. Тэрээр Иргэний нийгмийн талбарт олон жил ажилласан бөгөөд “Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв”-ийн захирал байсан гэдгээр хүмүүс сайн мэднэ. Монголд анх эмэгтэйчүүд, хүүхдүүд гэр бүлийн хүчирхийллээр ярьж, энэ асуудлыг хөндөж гарч ирсэн цөөхөн хүмүүсийн нэг юм.

Таныг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал байсан гэдгээр олон нийт танина. Өнгөрсөн хугацаанд хаана юу хийж байв даа?
Ч.Сосормаа: Америк төрийн буюу бидний ярьдгаар нийтийн захиргаагаар магистр хамгаалаад ирсэн. Сүүлийн жилүүдэд төрийн захиргааны шинэтгэлийг олон нийтийн оролцоонд тулгуурлан хийх талаар ажиллаж байлаа. “Төрийн бус байгууллагын менежмент” , “Төрийн захиргаанаас нийтийн захиргаа руу- Шинэтгэлийн 5 хөшүүрэг” зэрэг номоо хэвлүүлсэн. Иргэдийн оролцооны бодлогын судлаачаар ажиллаж байна.

- Монгол улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөхөөр томилогдоод удаагүй байна. Ер нь ажлаа юунаас эхэлье гэж бодож байна?
Ч.Сосормаа: Ер нь бол шийдвэр гаргагчид бүхнийг олж харж чаддаггүй. Цаг хугацааны хувьд ч тэр хүний хүчин чадварын хувьд ч бололцоогүй. Хүн гэдэг төгс төгөлдөр биш учраас бүхнийг мэдэхгүй. Иймээс асуудлыг шийдэхэд бид хамтарч, түншилж, сүлжээгээр ажиллах хэрэгтэй болдог. 21-р зууныг түншлэлийн зуун гэж нэрлэх болсон нь ч ийм учиртай. Хүний эрх, иргэдийн оролцооны чиглэлээр төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэн хамтарч ажиллах шаардлагатай. Ингэхийн тулд сүлжээ бүтцийг олноор нь байгуулах, сүлжээгээр дамжин ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Өөрсдийнхөө асуудлыг шийдвэрлэхэд хүн өөрөө оролцож байж хамгийн зөв шийдвэрийг гаргадаг.

-Миний мэдэж байгаагаар та гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаа асуудлаар маш хурц ярьдаг, шүүмжилдэг байсан. Тухайн үед үнэхээр энэ тухай ярьдаг хүн ховор байсан санагдана?
Ч.Сосормаа: “Хүчирхийллийн эрсрэг үндэсний төв”-ийг үүсгэн санаачилсан гурван байгууллага бий. Либераль эмэгтэйчүүдийн оюуны сан, Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо. “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” яах аргагүй Монголын анхны хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага мөн. Дан ганц миний гавъяа биш. Бид их олуулаа хамтарч ажилласан. Иргэдтэй ч их ажилласан. Тухайн үед хүүхэд эмэгтэйчүүдийн эрх, гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг хурцаар ярих зайлгүй шаардлагатай байсан юм. Учир нь хүндрэл бэрхшээл дунд байгаа, зовлонд байгаа хүмүүстэй уулзахаар хүн өөрийн эрхгүй их хурцлагддаг юм билээ.

-Цаашид хүний эрхийг хамгаалах чиглэлээр ямар ажил зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна даа?
Ч.Сосормаа: Хүний эрх, иргэдийн оролцооны асуудлыг Ерөнхийлөгч мөрийн хөтөлбөртөө онцгойлон ач холбогдол өгч тусгасан. Монголд хүний эрхийг баталгаажуулахын төлөө зорьж байгаа. Ялангуяа иргэдийг өөрсдийнхөө эрхийг хамгаалахад, хэрэгжүүлэхэд оролцуулж болно. Үүний тулд эрхзүйн шинэ орчныг бий болгох шаардлагатай байгаа юм. Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд болсон “Монгол улсын иргэн би” нээлттэй хэлэлцүүлэгт хүүхдүүд өөрсдөө оролцож өөрсдийнхөө өмнө тулгамдсан асуудлыг ярьж байна. Өнөөдрийн оролцож сурч байгаа хүүхдүүд маргаашийн иргэн төвтэй нийгмийг бүтээн байгуулагчид, эзэд болно. Төр бүхнийг хийж хангах хэрэгтэй гэдэг ойлголт үеэ өнгөрөөчихлөө.

-Миний бие “Монгол улсын иргэн би” сэдэвт хүүхдийн нээлттэй хэлэлцүүлгийг сурвалжиллаа. Яах аргагүй хүүхдүүд нийгэмд байгаа алдааг олж харж, тодоор шүүмжилж байна л даа. Энэ үеэр хүүхдүүдтэй уулзахад ийм маягаар нэгдэж асуудлаа ярьж, төр засгийнхан дуулгаж баймаар байна гэж байсан?
Ч.Сосормаа: Цаашдаа хүүхдүүдэд өөрөө өөрийнхөө асуудлыг анхаардаг, өөрийнхөө төлөө ажилладаг боломжийг сургууль дээр, сум дүүрэгт нь хангаж өгөх хэрэгтэй юм байна. Өөрийнхөө төлөө оролцдог, өөртэй нь холбоотой асуудалд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг, улмаар бүтээдэг болно.

-Нийслэлд төдийгүй хөдөө орон нутгийн хэмжээнд “Иргэний танхим” байгуулж иргэдийг сонсдог байвал ямар вэ?
Ч.Сосормаа: Энэ талаар орон нутагт санал санаачлага өрнөж эхэлж байна. Бид иргэний танхимыг байгуулах хүсэлтэй аймаг, дүүрэгт арга зүйн туслалцаа үзүүлэх боломжтой. Иргэний танхимаар дамжуулан орон нутгийнхаа өмнө тулгамдаж байгаа олон асуудлаар иргэдээсээ санал авч болно. Тухайлбал орон нутагт төсвөө хэлэлцэн батлахад иргэд нь ирж саналаа хэлж төсвийн хуваарилалтанд оролцож болно. Засаг даргын хөтөлбөрийн биелэлтийг иргэдээрээ үнэлүүлдэг болчихвол Засаг дарга иргэддээ таалагдахын төлөө ажиллаад эхэлнэ. Иргэдэд эрх мэдэл очвол тэд төр засгаас шаардаж, халамж хүлээн суух биш харин оролцож, бүтээж эхлэх болно. Иргэд хянаад эхэлбэл хардах биш хамтардаг болно. Үүнийг бид ардчилал гэж ойлгодог.

-Баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Ж.Батхишиг

Thursday, March 11, 2010

Сайн уу?

Сайн байна уу?Ангийн андуудаар сонин сайхан юутай байна даа.Та нар ангийн блог-д зочилж байгаа бол сэтгэгдэл үлдээгээрэй.Сонин сайханаа бичиж байгаарай


Thursday, January 7, 2010

Даланзургаан модон хүний үлгэр : Гутгаар бүлэг

Энэ нийтлэлийн фэн болцсон байна.Та нар ч бас уншаад үзээрэй
... Сэлмэн эвэрт ямаануудыг "янгир мэт болой" хэмээн гошгоруулсаныхаа дараагаар Ховордож баатар энэхүү бэлчээр талхлаачдад тус бүрд нь таван атга өвс ноогдуулаад хэнээр хариулуулахаа эргэцүүлэн хэсэгхэн саатав. Түмэн цагдаагийн мөрний арьсыг эгэмний ястай нь хуу татаж нүүрний сайрыг ханзалдаг, Сүхийн талбай дээр лааз нүдэн, лооль хагалж таашаал авдаг ТасОнгон, ДухДагз нарыг Баачихсан чуганцад бараа болгон дагалдуулаад арван янчаанаар урамшуулж, "хожим модон хүний нэг болно доо" гэсэн гэнэн мөрөөдлөөр нь далимдуулан гошгоруулаад олон ямаануудыг сахин суу хэмээн үлдээлээ.



Энэ хооронд БуянтЖагаа, ЭнхиБалдо нар өөрсдийн бүтэлгүй хэргээс үүдэн санаа сэтгэл нь газар лугаа унаж савдагийн дүрээс гарч ардын төрхөнд хувираад, тэнгэрт од болон гийж газарт цэцэг болон ургъя хэмээвч ухаан үл хүрэх тул эргээд л Намбарваани мангасын баруун зүүн ханцуйнд нь шургаж дараагийн даалгаварыг оноотол мянган жил саатмой.

"Ховордожийн намавтгар биеийг би мөхөсхөн үнэлжээ, өөр илүү бярт савдагийг үтэр дуудан ирүүлж фёодалуудыг нэг мөсөн даран сөнөөсүү" хэмээн Намбарваани өгүүлээд баруун хязгаар тийш гараараа жар даллан хөлөөрөө ная савчин, улаан сарнай хатгасан улаан муутуу дарцагийг салхин дор намируулж, дөрвөд аялгаар учир үл ойлдох дөчин тарнийг гурав хоног тасралтгүй уншив. Ингэхэд дээрээс аянга бууж, доороос хад урган час улаан тархин дээрээ тэмээн чинээ том хар мэнгэтэй, уршиг урхаг нь орчлонд хэтийдсэн Намдарж мангас залран ирээд галаар тургин амьсгалж араат шүдээ ярзайлган архирах хоолойгоор Намбарваанитай мэндлэв.

Намдарж: Куучны анд чэнээ кэрэг зориг юун, кэркэх гэж намайг дүүйдах болов аррр аааррррр (архирана)

Намбарваани: Бярыг чинь ашиглан ардчилсан фёодалуудыг даруулах гэв

Намдарж: Аррр ааарр, Кээн юм, тэднийг күнээгөөд (хөнөөгөөд) маньд юуны тустайв

Намбарваани: Чиний өстөн Гүндалчаак тэдэнтэй хамт айсуй, түүний амандаа багтахгүй чалчаа гурван зуун хэлийг зуушлан шарж идэх аваас наад муухай том хар мэнгэ чинь хатаж алга болно. Гүндалчаакийг дайрах үеэр чинь Ховордож, Үүлэнбат нар хөлд чинь үрэгдэх ажгуу. Хуучны нөхөр Намдарж минь бушуу очиж тэднийг нам дарж өгөөч.

Ийн хэлсэнийг сонсоод Намдарж санаа шулуудан ардчилсан фёодалуудын зүг бушуухан давхин очив. Аймшигт мангас хүрч ирээд жаапных нь дугуйнуудыг тасар татан хаяхад фёодалуудын төмөр хүлэг явах аргагүй болж гацлаа. Ховордож,Үүлэнбат болон бусад ардчилсан фёодалууд түгшин түгшин гадаах орчныг ажин жаапан дотроосоо гарч чадахгүй дагжин сууна. Хэдийгээр Намдарж мангасын хүч бяр их авч мянган галаар шүршихэд доторхи иргэдийг өчүүхэн хайрахгүй долоон төө зузаан болд төмрөн ханатай оржигнал том хар жаапыг нь яаж ч чадсангүй дэмий л гадуур нь маажина. Богд уулын хагасыг авч шил цонхыг цохиход огт нэмэр байсангүй, туул голын усыг амандаа цутган мөсөөр тургихад ч хөлдөж шальсангүй ээ. Хэрхэх учраа олохгүй ихэд бухимдан "та муусайнууд кэр удаан наанаа сууж чадахын, эргүү кэмүүс минь Гүньдалчаакийг л гаргаад үгүүл би таануусыг тайван явуулы" гэж их дууг хадаан бархирахад Алтайн нурууны хамаг ан амьтад Хангайн нуруу луу үргэн одов.

Жаапных нь гадаа дөрвөн жил сахин суусан ч ардчилсан фёодалууд дотроо суун гүрийсээр. Гарч чадахгүй хоригдсон хэдий ч сэтгэл нь түүртэхгүй Гүндалчаак жаапны дотроос дөрвөн жилийн турш элдэв ёж үгээр Намдаржийг хатгаж улам бүр зүрхийг хилэгнүүлнэ. Ленинградын бүслэгдсэн иргэд шиг цонхныхоо цантсан мөсөөр хооллон дөрвөн жил гүрийсэн Үүлэнбат нэг л өдөр тэсгэл алдаж Гүндалчаакийг үүдээр гарган чулуудахад нохой хөөх муур, ороо нь орсон азарган тахиа мэт Намдарж мангас Гүндалчаакийн хойноос элдэж хөөгөөд хорвоогийн нөгөө өнцөг тийш зүглэвээ. “Барих уу даа, барих уу даа” хэмээн гурван зуун тагнайгаараа орилон шоолон дутаах Гүндалчаакийг хөөсөөр дэлхийг гурвантаа тойроход Намдарж савдаг аргагүй ядарч сульдаад хүчээн нөөхийн тулд эргээд мянган жил нойрсох шаардлагатай болов.

Энэ бүх байдалыг шидэт толиндоо харж нэгэнт хэрэг бишдсэнийг ухаарсан Намбарваани Цөлмөн хатныгаа луусанд мордуулж дутаалгаад өөрөө хойноос нь одохоор болж эд агуурсаа тэргэнд ачин хол зүгт гарах бэлтгэлээ шалавхан базаав. Далан хүн сундлахад дааж давхидаг хүчит хүлэг мориндоо мордох гэхэд үл ойлгогдох шалтгаанаар хүлэг морь нь бусган займчиж будилан гишгэсээр газарт унан нөгөө ертөнцөд одлоо. Уналга үгүй болсон Намбарваани дэргэдэх Баярс савдагаас тус гуйн хандахад цаадах нь сархаданд хордоод морьноос ойчиж гэмтсэн биеэ эмнүүлэхээр гуулин улсыг зорих гэж буй тул “чиний хэрэг надад үл хамаатай, Ховордожтой өөрийн гараар шударгаар байлдагтун” гээд үл тоон одвоо.

Уулын сүүдэрт нуугдаж ургаа модонд халхлагдъя гэвч хараа үл хүрэх газар Ховордож баатарт үгүй тул Намбарваани гарцаагүй гардан тулаанд орохоос аргагүй боллоо. Бүтэн өдөр хүлээсний эцэст Ховордож Үүлэнбатын хамтаар Намбарвааний өргөөний гадаа ирээд их дуугаар дуугаар зүрхийг зүстэл нь гийнгоолоод тулаанд дуудав. Ховордож,

Чиний дуудсан мангас савдаг, буруу санаатай атга жөтөө бүхнийг гэтлээд Үүлэнбат андын хамтаар голын чинь хар цусыг уух гэж ирлээ. Бууж өгч улаан тугаа цагаан болго, эс бөгөөс юу болохыг тэнгэр мэдтүгэй.

Ийн өгүүлэхийг дуулаад Намбарваани тулалдахаас зайлсхийгээд буулт үзүүлэн өргөөнийхөө түлхүүрийг Ховодож баатарт өгвөө. Ховордож баатар нь Ховордож мангас болох эсэхийг цаг хугацаа харуулах бизээ.

Friday, December 25, 2009

Даланзургаан модон хүний үлгэр : Дэд бүлэг

Янзтай...Уншаад үзээрэй

.Жаапных нь урдуур ч нэг юм сүүтгэнээд ардуур ч хэсэг өвс арвалзаад дээрээс дууудаад ч байгаа мэт, дэргэдээс нудраад ч байгаа мэт хачин санагдах ахуйд Ардчилсан фёодалууд оньсон хүлгээ түр амрааж найман зовхис лугаа хараа бэлчээцгээв. “Хүний бараа харагднуу, сүнс чөтгөр байвал гарыг нь цайлгах зоос бэлд” хэмээн Ховордож баатар бусаддаа анхааруулах.

Тэнд, тэнд сая нэг юм цухуйсансан, алив Үүлэнбат минь биднийг хорлох атаатан байна уу тус гуйсан амьтан байна уу үзэж ир хэмээн хошгоруулав. Үүлэнбат үүр цайтал мөр хайгаад үнэртэх эрхтэн нь чилээд юу ч олсонгүй. Хайран цагаа үрж хамарны мэдрэмжээ цуцаасандаа бухимдангуу, бас нөхрийн үүргийг үл гүйцэлдүүлэв хэмээн нэрэлхэнгүй бодолтой жаапан дээр эргэн ирэхэд нь юу вэ харин үлдсэн фёодалууд нэгэн үл таних адгуустай эс мэдэх сархадыг хүртэн огт ойлгох үгийг хэлцэн буйг хараад Үүлэнбатын цагаан үс нь улам цайж уцаар нь чинээндээ тулваа.Өө Үүлэнбат минь энэ эрхэм андтай танилцаж алтан сархад атиллаг зоогло. Буруу зүг явуулж хий дэмий тамирыг барсанд хүлцэгтүн, алив Гүнээ түрүүний маниуст барьсан юмаа энэ андад хүртээ, гэж Ховордож баатар хэлэв.

Голын загаснуудтай мэтгэлцэж ойлголцдог, жаран эртэй зэрэг хэрэлдэхэд зургаан уулын буга үргэж зуун шулмын хов болдог, дөчин эмтэй хавсран маргахад хэл нь хатдаггүй шүлс нь зуурдаггүй, хөдөлсөн болгоныг хоргоож оролддог хүн бүхнийг сөргөж өддөг гөлийсөн нэгэн эр Үүлэнбатад айхтар амттай сархад гардуулсан нь Гүндалчаак ажээ. Гүндалчаак,

- Одоо ингээд энэ машинтайгаа та нар сайхан явна гэж боджийнуу тэгдгүй байхгүй юу. Өөдөөс чинь аймар хоёр амьтан ирж та нөхдийг элдэвийн хорлонд унагах гэж буй. Би бол чинхүү шударгыг л хэлдэг бөлгөө, нэг фёодалаа жийгээд оронд нь намайг жаапандаа суулгавал түмэн үгээр дэмжсүү. Ховордож,

- Нөхөн тулаанд үл дайтвал хамт жаргана гээд хулхидсан нэгэн өс, гучин ёсөн модон хүүхэлдэйнд оньслож хийсэн утсаар гарыг нь татаж өргүүлээд хүзүүг минь хуулийн дагуу харуулдсан бас нэгэн өсийг санаж тэр Ми гомбоо ЭнхиБалдог нүүрээр нь газар чирж нүглийг нь саванд дүүргэж арьсаар нь дугуйны нөхөөс хийж махаар нь Үүлэнбат андыг хооллох үнэхүү сэтгэл надад төрөв. За ингье, та бүхэн минь хөлийн хурдаар уралдан гүйгээд тэээээр тэнд харагдаж буй саглагар мөчирнөөс нэг нэг навчийг авчирцгаа. Хамгийн сүүлд хоцорч ирсэнийгээ үлдээж бусад нь одюу гэж хошгоруулахын завдалгүй нэг фёодал Ховордожийн үгэн авианаас түрүүлж навчинд хүрэхэд нь, за бусад нь хурдан жаапандаа суу гээд эргүү амьтныг ирэхээс өмнө дуунаас хурдан оньсон хүлгээ асааж гэнэн хүмүүнийг өнчин мөчир зулгаасан навчтай нь үлдээгээд тоосоор хучин шунгинаваа.

Энэ хооронд Намбарвааний баруун зүүн ханцуйнаас дуудагдсан хоёр амьтас фёодалуудыг хэрхэн цохихоо хэлцэн гэлдрэнэ. Буянт жагаа,

- Алив чи явж авилгалд өгсөн газраасаа буман ямаануудыг тууж ир. Би тэднээс ноолуур самнаж голем буулгана. ЭнхиБалдо хариу өгүүлрүүн,

- Энэ удаад чиний эрдмийг үзье. Эс бүтвээс миний үгийн дагуу гар хөл халдаганы үзүүрт зарагдаж, далласан газарт ил гарч далайсан газарт гулжигнаж явагтун, хэмээгээд газар ухан одов. Мэргэн ард өргөөнийхөө гадаа нарлаж хажуугаар өнгөрөх эмс охидтой маазрангаа ирэх мянган жилийн Монхоолын үйл учирт зовнин суух дор газраас гар цухуйж бэлчээртэй ямаанаас чирч гулдрах харагдав. Тэр юун муухай мутар эргэн тойрны хүүхдийг цочоож хүүхнийг үргээв гээд Мэргэн ард хулгайн сарвууг барьж авсанд ЭнхбиБалдо,

- Ай өршөө намайг, буруу хүний ямааг буруу аргаар авах гэсэн байна. Өгөрийн муу Ховордож Үүлэнбат нарын фёодалуудаас гэгээн Намбарваанийгаа хамгаалах гэсэндээ л айлын ямааг бэлчээртэй нь ухаж амьтан бүхнийг авилгадаж явна би. Гэсэнд Мэргэн ард,

- Чи манай их балгадын өнгөтэй бүхнийг хужаагийн зогсоол болгоод нүгэл бүхэндээ хахууль авч гэдэс чинь дийлэхгүй зовхи чинь унжсан зөв сэтгэлгүй муу хүн байна. Хорыг хороор гэж та муусайн амьтасын нэгнийгээ даран сөнөөхийг би бахдалтайяа харж суух болно, үтэр зайлан од. Энэ мэт ардтай олон тааралдаж явсаар нар сарыг мянгантаа мандсаны эцэст есөн түм есөн мянга есөн зуун ерэн есөн ямааг арай ядан тууж авчрахад Буянт жагаа “Нэг ямаа дутав” хэмээн ихэд хилэгнээд,

- Ховордожийг даран сөнөөхийн тулд ноолууран Голем буулгах гэсэн санаа агуулсансан. Ширхэг ямаа дутах учир миний Голем сахал үгүй болохоос гарцаагүй. Цусар урс нөжөөр гоож толгой нь тасраг гэж, сахалгүй голем хэрхэн Ховордожтой тэмцэх билээ. Гэхэд ЭнхиБалдо,

- Чи миний их зүтгэлийг талаар болгох аваас гишгэх газар үлдээлгүй хээрээр нэг сэгийг чинь тараана шүү. Хурдан ондоо мэх сэтгэ, гэж өвчигнөв. Буянт жагаа ямаа бүхнээс атга ноолуур самнаж том бөмбөрцөг урлан үлдсэнийг халаасандаа агуулаад ийн хүүрнэв,

- Эдгээр ямаанууд энгийн малнууд биш эвэртэн дайчид боллоо. Миний бүтээсэн энэ том шааригны зүг очиж амьд адгуус амьгүй эд бүхнийг хурц эврээр сүлбэх учиртай. Хэмээн дөвчигнөөд нөгөө том шааригандаа хэдэн үгс шившэн Ховордожийн зүг тэвэгдэн нисгэвээ. Ноолууран бөмбөрцөг өнхрөн ойсоор фёодалуудын жаапны дохиог хангинуулан мөргөлөө. Аймшигт есөн түм есөн мянга есөн зуун ерэн найман (хамгийн царайлаг нь буянттай хамт үлдсэн) ямаанууд бөмбөрцбөгийг дагалдан ир хурц эврээ гялтгануулан айсуй. “Би тэднийг аргалах уу нөхдөө” гэж Үүлэнбатыг хэлэхэд Гүндалчаак,

- Хээхх чиний цагаан үсийг ширхэгийн дагуу зүсэх хурц эвэртэн амьтас ирэхэд араа шүд чинь нэгийг нь зуувч бусдад бүлэгдэнэ. Би гарч далдаганъя нөхөд минь. Гэхэд Ховордож,

- Та баатрууд минь уужуухан сууж уухаан үргэлжлүүл. Бараа нь хэдий сүр их авч атгын чинээ тархитай арганд автах амьтас юм. Би очиж хошгоруулъя. Ховордож ийн өгүүлсэний дараа жаапнаас гарч том ноолууран бөмбөрцөгийг цээжиндээ тэврээд эвэр туурайтнуудын өөдөөс очоод ийн чарлав. - Ээ сайхан янгирнууд минээ амар явцгаана уу. Түр намжиж миний хэдэн үгийг сонс. Одоо нэгэн рүүгээ ингэж муухай дайрдгаасаа татгалзяаа, татгалзъя. Сая Үүлэнбат надад “Энэ ямаанууд манай жаапыг мөргөж сийчинэ дээ” гэж хэлсэн. Харин би түүнийг буруутгаад “үгүй эд нар чинь ямаа биш янгир байна” гэж зэмлэсэн. Ямаан омгоосоо салж чадвал та нар Янгир болж чаднаа чадна.

Өнөөдөр, зуун тэрбумыг залгилаа гээд Далан зургаан модон тархит амьтдыг яах ч үгүй атал зуун грам ноолуур дутаасны төлөө та нөхдийг өвлийн идшэнд явуулж байнаа.

Өнөөдөр зуун газрыг цөлжүүлсэн гээд алт зэс олборлогч савдагнуудыг гэсгээхгүй атал зуун алхам илүү гишгэсний төлөө та нөхдийг бэлчээр талхлав хэмээн өвлийн идшэнд явуулж байнаа.

Энэ үнэхээр шударга бишээ. Тэгэхээр Монхоолын сайхан ямаанууд та нар эвэр шигээ хурц ухаан гаргаж тэр авилга, тэр шударга бус явдал, тэр муу бүхэнтэй тэмцэж гэмээнэ янгирийн дүрд юмаа тийн. Та нар одоо ч гэсэн уг ноолууран бөмбөрцөгийг хараад эмзэглэж л яваа байх. Үнэндээ энэ их баялгийг Ховордожийг даруулахын тулд дэмий бөөрөнхийлж үрснээс мянган өнчин ишгэнд нэмнээ хийж өгвөл шударга шүү дээ. Ингэж хийдэг байхгүй юу эд нар, шударга бай л даа шударга бай хахахахаха.

Ховордожийн энэ айхтар туулсийг сонссон ямаануудын нүднээс аяга нулимс бөмбөрхөд зүлэг ногоо нахиалан ургасан төдийгүй сарын чанадаас чагнаж зогссон Мэргэн ард Аанхаа хүртэл уярч хайлваа. Дэд бүлэг төгсөв

Thursday, December 24, 2009

Ардчиллын өргөөнд тоосго хандивлая!

Ардчилсан намынхан одоо байгаа байрныхаа буурин дээр 20 давхар өргөө босгохоор энэ сарын 6-нд шав тавьсан билээ. Өргөөг босгоход Монголын иргэн бүрийн хувь хандив хэрэгтэй байгаа бөгөөд тус намын дарга Н.Алтанхуяг “Ардчиллын 20 жилийн ойгоор 20 давхар өргөө барихад хүн бүр 20 тоосго өгье” гэсэн уриа дэвшүүллээ.
Тэд банкуудад хандивын данс нээснээ зарлаж намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, барилгын зураг төслийг гүйцэтгэсэн архитекторч Б.Балдан нар өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа.
Ардчиллын өргөө нь 28000 амметр талбайтай, 120 метр өндөртэй, урдаа цэцэрлэгтэй байх аж. Шав тавьсан өдөр анхны 500 мянган төгрөгийн хандив орж иржээ. Өргөөнд 500 мянга хүртэл төгрөгийн хандив өргөсөн хүний нэрийг хүндэт хандивлагчийн дэвтэрт бичиж мөнхжүүлэх гэнэ. Дэвтрийг өргөөнд байрлуулж, цахим хувилбараар мөн хийх аж. Нийт 21 аймагт хандивын аян өрнүүлэхээр болжээ. "Ардчиллын өргөө-Ард түмний өргөө"-г барихад 50 сая ширхэг тоосго орох бөгөөд Монгол Улсын иргэн бүр 20 тоосго хандивлахад энэ тоо гүйцэхээр тооцоолжээ.
500 мянгаас нэг сая хүртэл төгрөг хандивласан иргэнд хүрэл, нэг саяас таван сая төгрөг хандивлавал мөнгө, таван саяас дээш төгрөг хандивлавал алтан тоосго өгч ардчиллын өргөөний хананд нэрийн хуудасны хэмжээний зай эзэмших эрх олгох гэнэ. Тэр зайд нэрээ, компаниа бичиж мөнхжүүлж болох аж. Өргөөний нийт өртөг хараахан гараагүй бөгөөд тоосгонд 15 тэрбум төгрөг хэрэгтэй ажээ. Эхний удаад 15-20 тэрбум төгрөг хэрэгтэй юм байна.
Хандив өргөхийг хүссэн иргэд Худалдаа хөгжлийн банк-499137968 /төгрөгийн/, Хаан банк- 5107029274/төгрөгийн/, Голомт банк- 1601027941/төгрөгийн/, 21396021 /долларын/ гэсэн дансанд мөнгөө шилжүүлж болох аж.



Thursday, December 3, 2009

Далан зургаан модон хүний үлгэр : Интроодаакшн (Тэргүүн бүлэг)

энийг бүгдээрээ уншиж үзээрэй.http://aanxaa.blog.gogo.mn/read/entry57973-аас авав

Монхоол гүрний хамаг алтыг Намбарваани мангас өөрийн мунхаг албат нарын хамт хурааж цуглуулаад ардыг аж төрөхөд тотгор болон суух бөгөөд түүний шуналт хатныг Цөлмөн гэх. Намбарваанийн сэтгэлийг ухваас, түмэн голын ус ширгэхэд ажрахгүй атал хараантных нь ус тасрахад ихэд хилэгнэн нисдэг тэргээр цэвэр ус зөөлгөж амаа зайлдаг, түмэн хүүхэд хордоход гунихгүй атал эхнэрийн нүүрэнд батга гарахад шаналал болон ууланд авирч савдаг зовоодог ажгуу. Намбарваанийг дарах гэж есөн баатар эрс ирвээс тавыг нь хахуульдаж нөгөө дөрвийг нь даруулах, үлдсэн таваас хоёрыг нь гүтгэж гурваар нь нухуулах, үлдсэн гурвынх нь нэгийг нь гадуурхаж нөгөө хоёроор нь алуулаад сүүлчийн хоёр баатарыг өөрийн гараар тонилгож хахуульд өгсөн бүх алтаа буцаан авдаг үнэхээрийн аргат нэгэн бөгөөд санаа гэж сарны тэртээ аялах мэт уужим бөгөөд уршигтай. Амт хурц архинаас арван шилийг уусны дараа “Сархад амнаас үнэртвэл яана” хэмээн зовоод хүсэл байвч дараагийн үрүүнкийг тэвчин цээрлэдэг, анд нь юмуу атаатан нь юмуу үл мэдэгдэх Баярс гэгч нэгэн савдаг мангасын хажууд овор нэмэн суух бөгөөд хараа хурц үг ширүүн бөгөөд нэг удаагийн эхнэрээс нэжгээд хүүхдийг аваад алс цөлж одуулдаг сэтгэлтэн юм.


Үг олон ч үйл хомс хүч их ч хүзүү үгүй нэгэн баатарын алдарыг Ховордож гэх агаад амьд бүхний тархийг гавалнаас нь гаргаж ирээд өнгөлөн зүлгэж хөөсрүүлэн сойздож угаасныхаа дараа мутрын үсгийг сийрүүлэн үлдээгээд буцааж хийдэг эрдэм номд төгс гэгээрсэн нэгэн аж. Дөчин түмтийг гарын дор хураасан цаснаас цагаан үстэй нударган атман Үүлэнбат гэгч сайн эр түүний үнэнч нохос болон хамгаалан манах. Ховордож баатар "сархадаар бороо оруулж, гурилаар цас будруулна" хэмээн үгээгүй ардад амлаад дөрвөн жил зажилсан бохио газарын мухар лугаа нуун орхиод эргэн эргэн харсаар сэтгэл нь тавгүй мэт алхлан мангасыг даран одохоор зэхэв. Үүлэнбат өгүүлрүүн, анд чиний бүтээх их хэрэг намавтгар биед чинь ахадхаар билээ, нөхрийн хажууд сахин хамгаалж арслан ирвээс алцайтал нь *ааж, баярс ирвээс бадайртал нь охож элдвийн хар шулмуудаас хамгаалан сархад дарсаас холуур байлгаж, садар эмсийг үргээн хуцаж байя, авилгал идэх аваас цагаан үс минь халзраг, ах намд автах болбоос автын осолд орог андгай тангарагаас шарвуул ам хэл аниргүй болтугай гээд түүнд бараа болж дагав.

Ийнхүү хоёр анд хорин жилийн газрыг туулахаар үнээн тэрэг хөлөглөн гарваа. Үнэнээр явбал том хар жаапнуудыг ч үнээн тэргээрээ гүйцэнэ хэмээгээд гүрийж наян хоног зүдэрсэн ч Монхоол гүрний уур амьсгалыг хөөрхий үнээ даасангүй турж эцэн байхад Ховордож үл хэрэгсэн хоног тутам арван хувин сүү сааж ардад борлуулан ашиг олох. Нэгэн өглөө Үүлэнбат үнээгээ сэрээх гэж ам цангатал ульсанд эс нөлөөлөхөд гайхан очвоос хөөрхий үнээний туурай элэгдэж хөл холцроод хэдэн хавирга нь ширээ нэвт зүсэн гарч ирээд өвлийн идэш хийхэд ч хэцүү болж нас нөгцсөн амой. Уналга үгүй болсон хоёр анд хэрхэхээ мэдэхгүй лааз өшигчин ахуйд алсын сарын газрын чанадаас тоос манарч ойртох юм гэнэ. Тохой газар газар хороохын төлөө тонн бэнзээн шатааж тортог утаа нь дэлхий тойрдог том хар лааанд жааптай хэсэг феодал уусан ус идсэн хоолны үлдэгдлийг цонхоороо гарган чулуудан яваа агаад утаат нутгийн үгээгүй ард уралдан булаалдан авцгааж буй нь ийнхүү харагдаж байжээ. Жааптай хэдэн феодалууд Ховордож, Үүлэнбат нарын харалдаа ирснээ ихэд тал засан өөсдийн унаанд сууж мангасын нутагт хүргүүлэхийг учирдав. Ховордож өгүүлрүүн, хэрэв миний үнэнч нохос Үүлэнбат энэ том жаапны чинь дугуйг хорин удаа хазахад зүүний учигны чинээ сэв гарахгүй бол та нөхөдтэй хамт бид одсуу, эс бөгөөс та нар хагархай дугуйтайгаа үлдсүү. Ингэхэд Үүлэнбат цагаан үсээ сагсалзуулан ирээд айхтар жаапны хаймран дугуйнд шүдээ зоох гэж үзээд үнэхээр эвийг олсонгүй тул тэд нааш харж инээгээд цааш харж уйлаад феодалуудын жаапанд сууваа. Үүлэнбат Ховордожын чихэнд шивнэхүй, за энэ өгөр феодалууд биднээр мангасыг даруулаад өөрсдөө хамаг алтыг авах гэсэн санаа агуулсанаас зайлахгүй, хоёул зам дөхөнгүүт үтэр үсрэн бууя хэмээхэд Ховордож

-Анд минь бид нэгэнт фёодалуудын жаапанд суусан тул өөрсдөө фёодаль болж буй хэрэг. Эднийг хулхидан арга мэхэндээ оруулж хэсэг газар зорчиход юу эс буруудах билээ, хэмээн хариуллаа.

Энэ хооронд Баярс бүлэмцүүхэн хандлагатай Намбарвааний өргөөнд очиж тайван атлаа ширүүн агсам үгсийг ийн чулуудав,

-Алсын тэртээгээс ардчилсан фёодалууд чамайг нухахаар айсуй. Үүлэнбат хоолойг чинь зууж, Ховордож тархиар чинь бөмбөг өшиглөн наадахаас эмээхгүй суух чинь юув. Намбарваани хээрийн чинээ торгыг хэрж нэхсэн урт шар дээлнийхээ баруун ханцуйнаас туг ноолуур гаргаад “Буянт мал ямаа юм Бузгай урт жагаа сэр сэр сэр” гэж шившхэд түүний өмнө ямаан омогт ямаан зүст ямааны зурагтай ноолууран гоонж өмссөн өндөр биетэй шөвгөр нүүртэй адгуус гарч ирлээ. Энэхүү аймар адгуус болбоос цагтаа далан зургаан модон хүний нэг нь явсан бөгөөд уг нь урьд төрөлдөө Мэргэн ард Аанхаагийн шүтдэг хүмүүсийн нэг байсан авч ямаатай нөхцсөний улмаас ардуудад ад үзэгдэн Намбарвааний ханцуйнд нуугдаж амьдрах болжээ.

Намбарваани харин зүүн ханцуйнаасаа олон зоны бөөгнөрөл болсон Баатарулаан хэмээх нэгэн их балгадын хуучирсан зурагны тасархай гаргаж ирээд “Хужаа нарт зарсан газраасаа Хурлийз хүү ир ир ир” гэж шившхэд Ми Гом Бо ЭнхиБалдаа хэмээх айтар нэртэй бас нэгэн мангасанцар гүзээгээ унжуулан бууж ирлээ. Тэрбээр Сүхбаатарын талбайд хужаа үрийн төмс тариад газрыг нь Мангаст, ургацыг нь ардчилалд шахаад хэрэггүй үлдсэн навчнуудыг нь ардад буцалтгүй тусламж болгон тараасныгаа зурагтаар зарлаж сайн хүний дүр эсгэдэг аймар амьтан бөгөөд Ховордож баатарын уртаа хүзүүг хуулийн дагуу хулхидан авсан гөлийсөн царайтай бүлцийсэн нүдтэй сайн ажвал мэргэжлийн сумогийн Ваканосато шиг царайтай намбарвааний үнэнч мангасанцаруудын нэг билээ.

Намбарваани хоёр аймар этгээдийг ийн дуудасны дараа “жааптай фёодалуудыг замд нь хорлож ир, Үүлэнбатын толгойг Ховордожийн хэлтэй авчрахгүй бол бүү буцаж ир” хэмээн зандрах учирлах манжлахын дундуур хэлээд нэжгээдхэн зоосоор урамшуулан явуулваа.

Тэргүүн бүлэг төгсөв. Дэд бүлэг coming soon

Friday, October 16, 2009

Монгол улс 2070 онд (зөгнөл)

2070 оны 3 сарын 13. CNN мэдээ: Өнөөдөр Монголд дэлхийн хамгийн өндөр цамхагийн нээлт болох гэж байна. Энэ нь тус улсад удахгүй болох олимпийн арга хэмжээнд зориулагдсан гэнэ.

Уг арга хэмжээнд АНУ, Япон, БНХАУ, Франц, Герман, ОХУ зэрэг томоохон улсуудын ерөнхийлөгч оролцох юм. Арга хэмжээний далимд эдгээр ерөнхийлөгч Монгол улсын ерөнхийлөгчид бараалхаж хамтарч ажиллах, өөрсдийн улсуудад хөрөнгө оруулалт хийхийг хүсэх, зээл тусламж авах талаар хэлэцээр хийнэ.
Монгол орон сүүлийн 60-аад жилд үсрэнгүй хөгжсөн түүх нь их сонин юм. Одоогоос 60-аад жилийн өмнө 2009 онд Монгол улс маш ядуу орон байсан бөгөөд тэр үед Таван толгой, Оюу толгой гэж 2 ордоо гадныханд алдах шахсан түүхтэй улс.

Гэхдээ ухаалаг эрх баригчид гадныхантай хамтрахаас эрс татгалзан дан ганцаар эзэмшин, ОУВС-ийн зээлээр уул уурхайн механизм авч, бүх хөдөлмөрийн насны ажилгүйчүүдээ сурган ажлаар 100% хангаж бага багаар олборлолтоо нэмэгдүүлж өөрсдийн тэргүүлэх туршлагыг дэлхий нийтэд таниулсан агуу ард түмэн юмаа. Монгол хүний зохион бүтээх шинийг эрэлхийлэх, аливааг хялбарчлах арга эрт дээр үеэс түүхтэй. Олборлосон ашгаараа уул уурхайгаа шат шатаар нэмэгдүүлсээр БНСУ, Австрали, АНУ, ОХУ-аас гэрээт ажилчид ажилуулсанар олборлолт улам нэмэгдсэн.
БНСУ-аас Монголд ажиллах визний ярилцлагад оролцогсодын тоо өнөөг хир нь буухгүй л байна. Аргагүй дээ хэдийгээр тэдний авах цалин Монголчуудад бага мэт санагдах боловч тэдний хувьд маш их мөнгө юм. Монгол улсад цагаачлaгчдын тоо өдөр бүр нэмэгдсээр л байна. Монгол улсад суугаа элчин сайдуудын уулзалт болж виз олгох тал дээр арай нааштай хандаачээ гэсэн хүсэлт удаа дараа тавиад байна.
Монгол улсад амьдрах хөх картны (bluecard) сугалаа интэрнэтийн сайт бүрт тавигдаж Монгол хэлний курст суугсдын тоо сүүлийн 10 жилд 4 дахин өслөө. Хараар амьдарч байгаа хун бүрт 2000 төгрөг өгч нутагт нь үнэгүй буцааж байгаа бөгөөд 1 төгрөг нь 10 орчим доллартай тэнцдэг гэнэ. Монгол улсын иргэд нь дээд зэргийн соёлтой гэмт хэрэг маш бага гардаг, 1 хүнд ногдох спиpтийн төрлийн ундаагаар дэлхийд хамгийн багад тооцогдох болсон.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, ДНБ, ҮНБ, ҮО, зэрэг үзүүлэлтээр тэргүүлж эхэллээ. Цалин өндөртэй болохоор хахуульд ер автахаа болисон ганц орон юм. Гэхдээ хууль маш чангатай, хуулиа хүн бүр сайн мэддэг болохоор зөрчих явдал гараад байдаггүй. Дэлхийн томоохон бизнэсменүүд Монголын банкуудад мөнгөө хадгалуулсаар, Швецарийн банкууд дампуурахын ирмэгт тулаад байна. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа манай мэдээ үргэлжилж байна.

Friday, September 25, 2009

Ороод үзээрэй

http://www.data.mn/index.php?option=com_content&task=blogcategory&id=1&Itemid=75&limit=10&limitstart=10
Хаягаар орвол манай ангийн блогоос татсан материал байж байна.

Friday, September 18, 2009

Facebook-ийн хэрэглэгчдийн тоо 300 саяд хүрлээ.

“Facebook” найзын сүлжээний нийт хэрэглэгчдийн тоо 300 сая хүрсэн байна. Энэ нь АНУ-ын нийт хүн амаас ердөө долоон саяар бага юм. Тус компанийн ерөнхий захирал Марк Цукерберг хэрэглэгчиддээ талархал илэрхийлэхийн сацуу дэлхийн бүх хүнийг холбох зорилт нь дөнгөж эхэлж байгаа тухай ярьсан байна. Тус компани долдугаар сард 250 сая хэрэглэгчтэй болсон тухай зарлаж байсан бол ердөө хоёрхон сарын дотор энэ тоо 50 саяар өссөн байна. Үүнээс харахад тус дэлхийн өнцөг булан бүрт буй найзуудыг холбоход тусладаг вэб сайтын бүртгэлтэй гишүүдийн тоо өдөрт 800 мянгаар өсч байгаа гэсэн үг юм. Судалгаанаас харахад “Facebook”-ийн нийт хэрэглэгчдийн 70 хувь нь АНУ-аас өөр оронд байдаг аж.

Wednesday, June 10, 2009

Сайхан амарцгааж байна уу?

Ìàíàé àíãèéíõàí ñàéõàí ë àìàðöãààæ áàéãàà áèç äýý?
Сайхан амрахын хажуугаар ажлаа бас амжуулаарай даа гэж сануулах байна,:)
Ажа ажа амжилт!
Хичээл эхлэхэд уулзацгаая!
ТЮр баяртай

Thursday, June 4, 2009

Миний хүү 90 саяар үнэлэгдэх алт олсон бид азтай хүмүүс

-Та өөрийгөө танилцуулаач. Амьдрал ахуй хэр байна?

-Намайг Лувсанпүрэвийн Баяраа гэдэг. Эгч нь 10 хүүхэд өсгөсөн ч нэгийг нь саяхан алдсан. 7 хүү, 2 охинтой. Одоо хоёр том нь авгай хүүхэд авч тусдаа гарч, 6-24 насны 7 хүүхэдтэйгээ цуг амьдарч байна даа. Хэдэн мал, хэдэн хүүхэдтэйгээ гайгүй л амьдарч байна.

-Саяхан танай хүү 200 саяар үнэлэгдэх алт олсон гэсэн. Энэ үнэн үү?

-Яахав, баян хангай газар лусын буянг хүү маань хангалттай хүртлээ. Манайх 2002 оны зуданд хамаг малаа алдсанаас хойш том хүү маань хэдэн дүү нараа тэжээх гэж шороонд явах болсон. Олох үе ч бий, олдохгүй үе ч бий. Гэхдээ баян хангай бидэнд буян хишгээ харамгүй хайрладаг юм. Энэ өвөл хүү маань өвөлжин алтанд явсан ч юу ч олоогүй. Гэсэн ч амьдрахын эрхэнд яваад л байсан. Харин цагаан сарын өмнөхөн хүү маань гэнэт “бурзайсан” даа. Хүү маань “Баян хангай харж үзэж ханш нээлээ, их алт оллоо” гэсээр гэнэт орж ирсэн. Улс амьтан миний хүүг 300 саяар үнэлэгдэх том алт олсон гэж шуугидаг. Чулуутайгаа л тийм байсан биз. Чулуунаас нь ялгаж салгаж авахад 96 сая төгрөг л болсон. Тэгээд ч пүн алт олбол цэн, цэн алт олбол лан, лан олбол 10 килограмм алт олсон гэж цуурдаг шүү дээ.

-Тэр мөнгөө яаж зарцуулсан бэ?

-Би баян хангайн хишгийг аль болох олон хүнтэй хувааж хэрэглэ гэж хүүдээ хэлсэн. Сумынхаа уяачдын холбоонд 1 сая төгрөг бөхийн холбоонд 500 мянган төгрөг өгсөн гэсэн. Өөртөө 2 машин 30 сая төгрөгөөр авсан, одоо нэг байшин барьж байгаа. Надад банкинд 1 сая төгрөгийн хадгаламж нээж өгсөн. Манайх “ХААН” банкнаас зээл авч 4 мотоцикль авсан. Тэр өрөө дарсан. Ер нь хүү маань олон хүний банкны өрийг дарж өгсөн дөө. Мөн сумынхаа эмнэлгийн эхчүүдийн асрах байрыг тохижуулж өгөхөөр болсон. Удахгүй хотоос тоног төхөөрөмж нь ирнэ. Би амьдралдаа хот орж үзээгүй. Хүү маань намайг анх удаа хот явуулж Да хүрээг үзлээ.

-Та нарыг байн байн бөөн алт олдог, сая таны удаах хүү бас их том алт олсон гэж байсан?

-Миний хүү сая нэг хөөрхөн юм олоод зарахад 10 сая төгрөг болсон. Хүү маань хот явж 9 сая төгрөгөөр нэг машин аваад л дуусах шив дээ.

-Та нар ингэж том алт олдгийн нууц нь юундаа байна вэ?

-Дааж явдаг ламын маань ач. Тэр л хүүхдүүдийг маань тэр зүг рүү яв, ийшээ тийшээ яв гэж зааж өгдөг. Тэр хүнийхээ ачаар л баян хангайнхаа хишгийг харамгүй хүртэж байна. Дараа нь алт олсон өгөөжтэй газар дээрээ дааж явдаг лам багшаа аваачиж ном уншуулдаг.

-Ер нь Бөмбөгөр сумынхан танай хүүхдийг хаашаа алтанд явах нь вэ гэж харуулдаад байж байдаг, хөдлөхөөр морьтой, мотоцикльтой дагаад давхичихдаг, таны хүү Холливудын од шиг байдаг гэж үнэн үү?

-Үнэн үнэн. Хашааны урдуур хойгуур машин, мотоцикльтой хөлхөлдөөд, наагуур цаагуур нь бултагнаж харуулдаад хүүг маань газар гишгүүлэхгүй юм. Манайх 2-3 металл хайгчтай, шороонд явахаар нь арав хориороо араас нь дагачихдаг. Жорлонд орсон ч дагана. Сүүлдээ хүү маань алтанд явахаас төвөгшөөгөөд алт ухаж олсон машинаараа айл нүүлгэдэг ажилтай болсон доо. Хүмүүс миний хүүг алт хайж шороо ухахыг аргал хоргол түүхтэй л адил гэж боддог юм шиг байгаа юм. Сая бага хүүгийнхээ алт олсон газар дааж явдаг лам багшаа дагуулан очиж аргадаж ном уншуулсан юм. Гэтэл лам багшаа дагуулж яваад 5 килограмм алт олоод ирж гэнэ гэж ярьсан байсан. Лам багш маань би хэдэн хүүхдийг чинь хоолонд хүргэж өгнө гэж амлаж алтанд явах зүг чигийг нь зааж өгдөг хүүхдүүд маань ч хоосонгүй л ирдэг. Эцсийн эцэст хэдэн хүүхдийн минь буян заяа түшиж, байгаль дэлхий өгөөж буянаа харамгүй хайрлаж байна даа.

-Их алт гэнэт олох гай барцад дагуулдаг гэдэг. Та нар ингэж их алт олсон болохоор болгоомжилдог уу?

-Лам багшдаа их даатгаж ном уншуулж сүсэлж амьдардаг. Нуулгүй хэлэхэд хэдэн жилийн өмнө 15 настай хүү маань алт хайж яваад шороонд дарагдаж нас барсан юм. Тэр хүүгийнхээ араас их гашуудаж өдөр шөнийг ялгахгүй хэдэн жил уйлсан. Тэгээд одоо үхсэнийхээ араас үхэх биш дээ, нэг юм амьдраад л байна. Түүнийхээ араас их буян хийдэг.

-Та энэ олон хүүхдүүдийг ганцаараа өсгөх амаргүй л байх даа?

-Би хүний ганц өргөмөл охин. Аав ээж минь хүүхэд гарахгүй болохоор намайг 3 сартай байхад минь холын хамаатнаасаа өргөж авсан гэсэн. Аав ээж минь үр хүүхэд гаргаагүй болохоор хүний үрийг их шүтэж амьдардаг байсан. Намайг анх төрөхөд ээж минь “Би чамайг өргөж аваад айлын ганц болгож олноос онцолж, түмнээс тусгаарласан. Үрийн буян гэж том юм байдаг юм. хүүхэд хүнстэйгээ ирдэг юм, хүнд хүн илүүднэ гэж байдаггүй юм, төрөөгүй хүүхдээ устгадаг тэр аборт гээч юмыг хэзээ ч хийлгэж болохгүй шүү” гэж захидаг байсан. Миний хүүхдүүдийг ч сайн харж өсгөлцсөн. Би ч тэр захиасыг яс биелүүлсэн. 10 хүүхэд төрүүлсэн. Жил орох бүрдээ нэг хүү төрүүлдэг байсан. Одоо 50 нас хүрлээ. Өнгөрсөн жил 49-ний жил ороход хүү төрүүлж чадаагүй ч хүү маань байгаль дэлхийн хишиг хүртэж надад том бэлэг барилаа. Ер нь хүмүүс жил орохоор болгоомжилдог ч надад лав муу юм болдоггүй харин ч их баяр баясгалан ирдэг. Би ганцаараа энэ хэдэн хүүхдээ яаж тэжээнэ, яаж өсгөнө гэж нэг ч удаа санаа зовж байгаагүй. Хүүхэд хараад өгөөч гэж хүн гуйж ч яваагүй. Хэдийгээр ганц бие өрх толгойлсон эмэгтэй ч хүн гуйж үзээгүй. Би залуудаа өөрөө морио уургалж, тэмээ малаа ч өөрөө унаж сургадаг байсан. Үрийн буян ирдэг л юм байна. Би бага хүүгээ 44-тэйдээ гаргасан.

-Алт оллоо гээд таны хүүхдийн зан ааш эвдэрч байна уу?

-Үгүй ээ эвдрээгүй. Урьд алт хайгаад ганцаараа бэдэрч явахад нь найз нөхөд гэж үзэгддэггүй байсан. Овоо алт олсноос хойш олон найз нөхөд гарч ирж хааяа үнэртүүлчихсэн явдаг. Тэгэхээр нь би жаахан дардаг юм. Ер нь манай хүүхдүүд их даруулгатай өссөн. Олон эрэгтэй хүүхдүүдийг их дарж, зодоон хийж байгаад л хүн болгосон. Одоо миний үгнээс хэдэн хүү маань гарахгүй. Алт оллоо гээд ааш зан нь хувираагүй. Олуулаа өссөн болохоор зовлон жаргал сайн мэднэ.

-Олон хүүхэд гаргаж ганцаараа өсгөсөн гэхэд оворгүй, толиотой харагдаж байна?

-Хэдэн хүүхдийнхээ төлөө амьдарсан, олсон бүх зүйлээ хүүхдүүддээ зориулдаг нүүрээ ч будаж үзээгүй өдий хүрсэн. Ганц ширхэг нүүрний тос ч авдаггүй байсан. Хонь гаргавал сүүлний тосыг нь түрхчихээд явдаг байлаа. Одоо хэдэн хүүхэд маань “ээж нүүрээ будаач” гэдэг л юм. Сураагүй болохоор будаж чаддаггүй юмаа.

-Ярилцсанд баярлалаа.


Ч.Алтанхуяг

Monday, April 27, 2009

188.3 сая ам.долларын буцалтгүй тусламжаас С.Баярын ЗГ татгалзлалаа.

Зам тээвэр хот байгуулалтын дэд сайд А.Гансүх, тус яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Төмөр замын хэрэг эрхлэх газрын орлогч дарга н.Пүрэвбаатар нарын өнгөрсөн баасан гаригт хийсэн тайлбараар бол манай төмөр замыг хамтран эзэмшигч оросууд уг тусламжийг эдийн засгийн хувьд үр ашиггүй гэж томьёолсон юм байх. Тэгээд оронд нь ОХУ-аас 150 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах гэж байгаа аж. Хэдийгээр хөнгөлөлттэй гэж товойлгосон ч зээл л бол зээл. Хөнгөхөөн хүүтэй байсан ч бид түүнийг эргүүлээд л төлнө. “Оросууд эдийн засгийн үр өгөөжгүй гэж үзсэн. Ийм гэрээ хийж буйгаа манайхан оросуудад хэлээгүй юм билээ” гэх маягийн ээдэрч будилсан үг хэлж байгаа албаны хүмүүсийн өмнөөс төрийн төлөө боож үхнэ гэгчээр жирийн нэгэн иргэн ч “Төдийгөөс өдий хүртэл хөөцөлдсөн буцалтгүй тусламжийг яагаад нулимж байгаа юм бэ” халаглан гайхширч байна.

Thursday, April 23, 2009

Туриад-2009 тэмцээн болно

Монголын адал явдалт спорт аяллын холбоон жил бүр явган аялалын тэмцээн зохион байгуулдаг. Энэ удаагийн “Туриад-2009” аяллыг энэ сарын 24-26-нд өдрүүдэд их дээд сургуулийн оюутан залуусын дунд зохион байгуулахаар болсон байна. “Туриад-2009” тэмцээнд оролцохоор Дархан, Эрдэнэт, Улаанбаатарын 35 орчим сургуулийн баг мэдүүлгээ өгөөд байгаа юм байна.Аялагчид Гацуурт-Туулын Таван салаа гэсэн чиглэлээр 20 километр замыг туулж, хөгжилтэй буухиа, уулын оргил булаалдах, спорт бүжиг зэрэг долоон төрлөөр өрсөлдөх ажээ. Энэхүү спорт аяллын тэмцээн нь оюутан залуусыг танилцуулах, байгалиа таньж мэдэхэд нь туслах, тэсвэр хатуужилтай болгох зорилготой. Уг арга хэмжээ 26-ны өдөр Сүхбаатарын талбайд хаалтаа хийж түрүүлж, удаалсан багуудыг шагнаж урамшуулах юм байна. Тэргүүн байр эзэлсэн багт цом, алтан медаль 250 мянган төгрөг, удаах байр эзэлсэн багийг диплом, мөнгөн медаль 200 мянган төгрөгөөр шагнаж урамшуулах аж. Харин гутгаар байранд орсон багыг диплом 100 мянган төгрөгөөр шагнаж урамшуулах юм байна.

Friday, April 17, 2009

Үнэд хүрээгүй мянга мянган амь буюу Тянь Миний хядлага

Өнөөдрөөс 20 жилийн тэртээх яг энэ өдөр өмнөд хөршийн нийслэл Бээжин хотын Тянь Миний талбайд хувьсал өөрчлөлт, шинэ амьдралыг хүссэн зорилго нэгтэй мянга мянган залуус цугларч, дэлхийн хамгийн хүчирхэг коммунист улсынхаа эрх баригчдыг барьц алдуулан сандаргасан билээ.
Дэлхийн түүхэнд Тянь Миний үй олноор нь хөнөөсөн хэрэг буюу Хятадад Зургадугаар сарын 4-ний явдал гэж бичигдэн үлдсэн аймшигт явдал 1989 оны энэ өдрүүдэд эхэлсэн юм. Улс орныхоо амьдралыг өөрчлөх гэсэн оюутан залуусын хүсэл мөрөөдөл эцэстээ харгис төрийн алан хядлагад нухчин даруулж төгссөн энэ харамсалтай явдлыг эргэн дурсахад...
Хөдөлгөөн ингэж эхэлжээ
1978 оноос удирдагч Ден Сяопин эдийн засаг, улс төрийн цуврал реформ хийж эхэлсэн нь 10 жилийн дараахь их хөдөлгөөний салхийг хийсгэжээ. Ден Сяопиний өөрчлөлт шинэчлэл гэх арга хэмжээ нь Хятадын улс төрийн тогтолцоог хангалттай өөрчилж чадахгүй байгаад сэтгэл дундуур оюутан залуус, сэхээтнүүд энэ үед Хятадын өнцөг булан бүрт бий болж байв. ЗХУ-д М.Горбачёвын эхлүүлсэн өөрчлөн байгуулалттай жишиж болохуйц шинэчлэлийг тэд хүсчээ. 1986-1987 онд ардчиллыг дэмжигч оюутнууд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэнтэй зэрэгцэн Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Яобан 1987 оны нэгдүгээр сард албан тушаалаасаа огцров. Намын бодлогоос "гажууд" өөрчлөлтийн тухай нээлттэйгээр ярьж, оюутнуудын хөдөлгөөнийг дэмжсэн Ху Яобан 1989 оны дөрөвдүгээр сарын 15-нд зүрхний шигдээсээр гэнэт нас барсан нь оюутнуудын бослогыг өдөөж өгчээ.

Дөрөвдүгээр сарын 15: Ху Яобаны дурсгалыг хүндэтгэн Тянь Миний талбайн дундах Ардын баатруудын хөшөөний өмнө хэсэг залуус сайн дураараа цугларав. Бээжингийн их сургууль, Циньхуа их сургуулийн оюутнууд энэ өдөр оюутны байр болон Тянь Миний талбайд хэсэг хэсгээрээ нийлэн эмгэнэлийн үгсээ бичин, гашууджээ.

Дөрөвдүгээр сарын 16: Бээжингээс гадна Шанхай зэрэг хэд хэдэн хотод үүнтэй ижил үйл ажиллагаа эхэлжээ.

Дөрөвдүгээр сарын 17: Хятадын улс төрийн шинжлэх ухаан, хуулийн их сургуулийн 500 гаруй оюутан Тянь Миний талбай дахь Ардын их танхимын зүүн хаалганы өмнө цугларч Ху Яобаныг эмгэнэн дурсав. Цагдаагийнхан эхэндээ оюутнуудыг өөрсдөө тарахыг ятгасан боловч тэдний хүссэнээр болсонгүй. Шөнө болоход бусад их сургуулиас болон Бээжингийн жирийн иргэд олноороо ирж, тэдэнтэй нэгдэв. Энэ шөнө Бээжингийн их сургуулийн 3000 гаруй оюутан дотуур байрнаасаа Тянь Миний талбай руу жагсч, тэдэнтэй Циньхуагийн оюутнууд ч нэгджээ. Жагсагчдын тоо нэмэгдэж, эсэргүүцлийн хүрээ ч өргөжиж, оюутнууд зөвхөн Ху Яобаны араас гашуудах бус төр засгийн удирдагчдад хүргүүлэх долоон зүйл бүхий шаардах бичиг гаргав.

Дөрөвдүгээр сарын 18: Оюутнууд эх орончдын дуугаа дуулж, жагсаал зохион байгуулагчид өөрчлөлт шинэчлэлийг уриалсан үг хэлж байв. Тэд Төв хорооны удирдлагуудтай уулзаж, долоон зүйлтэй шаардлагаа өгөхийг хүсэв. Энэ хооронд эрх баригчдын оршин суудаг Жонанхай цогцолборын гадна хэдэн мянган оюутан цугларч, тэдний шаардлагад хариу өгөхийг шаардав. Оюутнууд цогцолбор руу хүчээр орох гэж дайрсан ч бүтэлгүйтсэн учир гадаа нь суулт зарлав. Засгийн газрын зарим албаны хүн тэдэнтэй уулзаж ярилцсан ч албан ёсны хариу өгөөгүй нь жагсагчдын уур бухимдлыг дэвэргэжээ.

Дөрөвдүгээр сарын 20: Эцэст нь цагдаа нар суулт зарлагчдыг хүчээр тараажээ. Энэ үеэр багахан хэмжээний мөргөлдөөн гарч.

Дөрөвдүгээр сарын 21-ний шөнө буюу Ху Яобаныг эцсийн замд нь үдэх ёслолын өмнөх өдөр Тянь Миний талбайд жагсагчдын тоо 100 мянга давлаа. Энэ үеэс талбайг олон нийтэд хаасан байна.

Дөрөвдүгээр сарын 22: Бээжингийн их сургуулиудад багш, оюутнууд нь хичээлээ хаяж эхлэв.

Дөрөвдүгээр сарын 26: Коммунист намын төв хэвлэлд Ден Сяопиний "Үймээн самууны эсрэг тугаа өндөр өргөцгөөе" нэртэй илтгэлийг хэвлэжээ.

Дөрөвдүгээр сарын 27: Илтгэл гарсны маргааш Бээжингийн төв гудамжаар 50 мянган оюутан жагсч, эрх баригчдыг дээрх мэдэгдлээ буцаахыг шаардав.Тэд мөн Засгийн газрын гар хөл болсон оюутны холбоодыг эсэргүүцэж байлаа.

Тавдугаар сарын 4: Бараг 100 мянга шахам оюутан дахин Бээжинд цугларч улс төрийн реформ хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг чөлөөлөхийг, оюутнуудын төлөөлөгчдиин эрх баригчидтай албан ёсны хэлэлцээр хийхийг шаардав. Эрх баригчид оюутнуудын албан ёсны байгууллагатай ярилцахыг зөвшөөрсөн ч саналыг нь хүлээн авахаас татгалзжээ.

Тавдугаар сарын 13: ЗХУ-ын удирдагч М.Горбачёвын айлчлалыг дагалдан ирсэн олон улсын хэвлэл мэдээллийн агентлагийн анхаарлыг татах гэж оюутнууд төв талбайд өлсгөлөн зарлав. Долоо хоног үргэлжилсэн өлсгөлөнг дэмжиж Тянь Миний хөдөлгөөн шиг зохион байгуулалттай биш ч гэлээ Хятадын 400 гаруй хот, Шанхай, Хонконг, Тайвань болон ХойдАмерик, Европт хүртэл жагсаал цуглаан өрнөв. Оюутнууд "Интернационал"дууг хоолой нийлүүлэн дуулж, эрх баригчдыг тал талаас нь шахамдуулж байв.

Тавдугаар сарын 19: Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Жао Зиян талбай дээр ирж, оюутнуудыг өлсгөлөнгөө зогсоохыг уриалав. Тэрээр "Бид аль хэдийнэ хөгширсөн учраас асуудал байхгүй. Харин та нар залуу хүн учир бие, эрүүл мэндээ бод" гэж ухуулж байжээ.

Тавдугаар сарын 20: Бослогыг хэрхэн зогсоох тухайд эрх баригчид хоорондоо санал зөрөлдөж байв. Жао Зияан зөөлөн аргаар жагсаалыг тараах гэж оролдож байсан бол Ли Пен хүчээр дарахыг санаархаж байж. Албан ёсны байр суурь байхгүйгээс Цэргийн төв хорооны дарга Ден Сяопин цэргийн хууль гаргав. Гэвч жагсагчид цэргийнхний хүчийг хаажээ. Жан Зиян огцров.

Тавдугаар сарын 30: М.Горбачёвыг дагалдан ирсэн гадаадын хэвлэлийн агентлагууд оюутнуудын бослого хөдөлгөөн, өлсгөлөнг дэлхий даяар цацлаа. Энэ үеэр коммунист намын ахмадын зөвлөл оюутнуудтай ярилцаж үзэх гэсэн боловч тэдний шаардлага хэтэрхий олон, хамгийн чухал нь юу хүсээд байгаа нь тодорхойгүй байснаас хоёр тал хоорондоо ойлголцоход бэрхшээл гарчээ. Ер нь, Тянь Миний бослого амжилтад хүрээгүй нэг шалтгаан нь энэ юм. Хээл хахуулийг таслан зогсоох, хэвлэлийн эрх чөлөөтэй болгох, улс төрийг өөрчлөх гээд янз бүрийн шаардлага тавьж, тэр бүр нэгдсэн зохион байгуулалтад орж чадахгүй байсан нь тэр олон хүний амь үрэгдэхэд хүргэсэн билээ. Ардын Чөлөөлөх армийн 27, 28 дугаар арми хотыг хяналтад авав. Энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Герберт Буш тус улсад хориг тавьж буйгаа зарлаж, Хятадын цэргийн удирдагчид хоорондоо санал бодол зөрөлдөж байгаа тухай тагнуулын мэдээ авснаа мэдэгдэв.

Зургадугаар сарын 3: Чөлөөлөх арми, иргэдийн хооронд мөргөлдөөн гарав. Жагсагчид машин тэргээр хаалт саад тавьж, цэргийнхнийг хориглохын хажуугаар гал тавьж, өөдөөс нь чулуу шидэж байжээ. Энэ хооронд цэргийнхэн зохион байгуулалттайгаар хотоос гарах цэгүүд болон их сургуулийн гудамжуудыг хаажээ. Ингээд оройны 22:30 минутын орчимд армийн зэвсэгт довтолгоо буюу бослогыг хүчээр дарах цуст үйл ажиллагаа эхэлжээ. Армийн танкууд Тянь Миний талбайн хэд хэдэн талаас дотогш дайрч, замдаа таарсан оюутан жагсагчид руу гал нээн давшилжээ. Зарим оюутан талбайгаас гарах гэж оролдсон ч тэднийг дотогш буцааж байсан гэдэг. Энэ үед жагсаалыг зохион байгуулагчид цэргүүдийн өөдөөс "молотовын коктейль" мэтийн зэвсэг ашиглахгүй байхыг анхааруулж байжээ.

Зургадугаар сарын 4: Үүрийн дөрөв, таван цагийн үед армийн танкууд талбайд бүрэн нэвтэрч, замдаа байсан жагсагчид, машин техник бүгдийг сүйрүүлжээ. Гэвч үүнээс ганцхан цагийн дараа буюу үүрийн 5:40-ийн үед талбайг бүрэн цэвэрлэсэн байжээ.

Амь үрэгдэгсдийн тоог хэн ч хэлж мэдэхгүй
Энэ аймшигт хядлагын үеэр хэдэн мянган залуу амиа алдсаныг хэлэх нотлох баримт байхгүй. Хятадыг Засгийн газрын албаны мэдээгээр амь үрэгдэгсдийн тоог 241 гэж зарласан бол тус улс дахь Улаан Загалмайн нийгэмлэг 2600 гэдэг. Харин гадаадын сэтгүүлчдийн тооцоолсноор хамгийн багадаа 3000 хүн энэ үеэр амь үрэгджээ. Тэгвэл НАТО-гийн тагнуулын мэдээлэлд энэ тоог 7000 давсан гэж дурдсан байдаг.

Олон улсын реакии
Африк, Азийн орнууд, Хойд Солонгос, Куба, Чехословак, Зүүн Герман, Пакистан зэрэг Хятадын ойрын холбоотнуудаас бусад бүх улс хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн энэ явдлын дараа Хятадыг буруутган мэдэгдэл хийж, янз бүрийн хориг тавьсан юм. Ден Сяопиний гадаад дахь айлчлалын төлөвлөгөө нурж, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк тус улсад өгөх гэж байсан зээлээ буцаажээ.

Хориотой сэдэв
Энэ явдлын дараа Хятадын сонинуудын 12 хувь нь хаагдаж, хэвлэлийн компаниудын долоон хувь нь үүдээ барьж, 150 гаруй кино, баримтат киног гаргахыг хоригложээ. Тухайн үеийн олон арван сонины эрхлэгч ажлаасаа халагдан, шийтгэл амссан гэдэг. Засгийн газар 32 сая хувь ном, 2.4 сая дүрс бичлэгийн хуурцгийг хураан авчээ. Одоо ч Хятадад "Google" цахим хуудсаар Тянь Миний бослогын талаархи мэдээлэл авах боломжгүй хэвээр.

Хохирогчдоос ганцхан гэр бүлд нөхөн төлбөр олгожээ
НҮБ-аас Хятадын Засгийн газрыг ард түмнээсээ уучлал гуйхыг шаардсан ч тус улсын эрх баригчид хэзээ ч буруугаа хүлээж байсангүй. Гэхдээ 2006 оны дөрөвдүгээр сард нэгэн жагсагчийн ар гэрт 70 мянган юанийн тэтгэмж олгосон тохиолдол бий. Энэ бол Хятадын эрх баригчид дээрх явдалд "гэмшсэн" хамгийн анхны тохиолдол юм.



Tuesday, April 14, 2009

Монгол 3:1 Макао: Талбай дээрх анхны хожил!!!

Монголын шигшээ баг Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй Челленж Кап тэмцээнд оролцож байгаа билээ. Энэхүү тэмцээн нь хөлбөмбөгийн хөгжлөөр буурай хэмээн ангилагдсан улсуудын хооронд зохион байгуулагддаг тэмцээн юм. Энэ жилийн хувьд 17 баг уг ангилалд багтан Челленж Капд өрсөлдөхөөр болсон. Нэг хэсэгт дөрвөн баг байхаар дөрвөн хэсэгт хуваасан ба чансаагаараа хамгийн доор бичигдсэн Монгол, Макаогийн багуудыг хооронд нь тоглуулж ялсан багийг нь А хэсэгт Мьянмар, Камбож, Бангладешийн багтай нэг хэсэгт тоглуулах шийдвэр гарсан юм.
Эхний тоглолт Макаод болж 0-2ын харьцаагаар Монголын баг хожигдсон билээ. Долоо хоногийн дараа Монголд хариу тоглолт болох байсан ба энэ тоглолт өнөөдөр явагдлаа. Монголчууд 3 бөмбөгийн зөрүүтэй хожих хэцүүхэн даалгавартай нутагтаа тулаан хийлээ.Монголын баг тоглолт эхлээд ерөнхийдөө илүү тоглолоо. Ер нь энэ тоглолт дээр бүх талаараа Макаогийн багаас илүү байсан гэж хэлж болно. Гэвч манай баг хэд хэдэн сайхан боломж алдсаны дараа Макаогийн багийн 19 дугаартай тоглогч Чан Кин Сен 39 дэх минутад гоол хийн тоглолтыг тэргүүлэн эхэлж Монголын шигшээ 2 гоол биш бүр 4 гоол хийх даалгавар үлдээсэн юм. Тоглолтын нэгдүгээр үе дуусахад тоо энэ хэвээрээ дууссан ба хоёрдугаар үед Монголчууд жинхэнэ ширүүн довтолгоонуудыг үзүүллээ. Алсын дамжуулалт олон явж, булангийн цохилт олон цохисны хүчин гурван ч бөмбөг хийв. Харамсалтай нь нэмж нэг хийх цаг үлдсэнгүй. Ингээд Монголын баг хэдийгээр энэ тоглолтонд 3-1 ээр хожсон ч Макао айлын талбайд гоол хийсэн тул хэсгийн тоглолтонд өрсөлдөх эрхтэй боллоо. Тоглолтын дараа Монголын багийн дасгалжуулагч И.Отгонбаяр : “Бид хийх ёстой бүгдийгээ л хийлээ. Онцын ноцтой алдаа гаргасангүй. Монголын шигшээ багийн байгаа байдлыг та бүхэн яг үзлээ” гэсэн бол Макаогийн багийн дасгалжуулагч Лиун Сю Винг: “Бид эсрэг багийн талбайд аль болох хамгаалан тоглож сөрөг довтолгоог голчлон хийж довтлоё гэж бодмон. Эхний үед үүндээ ч хүрч чадсан. Гэвч хоёрдугаар хагас байдал бишдэж бид довтолгоогоо ч бас анхаарах хэрэгтэй гэдгийг ойлгосон” гэжээ.
тоглолтын мэдээллийг энд даран авна уу
Бас бус:
Энэ тоглолтыг албан ёсны мэдээлэл дээр 3000 хүн үзсэн гэж мэдээлжээ. Гэсэн хэдий ч 5000 гаруй хүн лавтайяа үзсэн. Эхний тоглолтыг харин Макаод 500 хүн үзсэн гэж байгаа.
Монголчууд энэ тоглолтонд нийлбэр дүнгээр хэдийгээр хожигдсон ч гэлээ талбайдаа авсан энэхүү ялалт нь Монголын багийн талбайдаа авсан анхны ялалт байлаа.
Хөгжөөн дэмжигчид дүүрэн байсан ба цаг агаарын хувьд нэлээн сэрүүхэн байсан ч үзэгчдийн уухайн түрлэг, дуун чимээ энэ бүгдийг дулаацуулж байлаа. Гэхдээ үзэгчид нэгдсэн зохион байгуулалттай биш байсан нь энэ тал дээр хөгжөөн дэмжигчид дараа дараагийн удаа нэгдэх шаардлагатайг харуулсан хэрэг болов.
Хөлбөмбөг сонирхогчид жилдээ нэг биш, хэд хэдэн удаа ингэж багаа дэмждэг болохыг хүсч буй нь илт харагдаж байлаа. Азид хөлбөмбөгийн хөгжлөөр хамгийн доор ордог Макао улсын багийг хождог болохын тулд жилдээ нэг биш нэлээн хэдэн тоглолт хийдэг болвол хөлбөмбөг сонирхогчиддоо ч хэрэгтэй, хөлбөмбөгчиддөө бүр хэрэгтэй болов уу.

Үндэсний шигшээгээ дэмжицгээе ээ!

Өчигдөр Макаогийн хөлбөмбөгчид Монголд ирлээ. Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй “Challenge cup” тэмцээнд оролцох эрхийн төлөө Монголын шигшээ баг Макаогийн багтай таарсан. Эхний тоглолт Макаогийн талбайд болж, манай багийн хожигдлоор өндөрлөсөн. Харин хариу тоглолт манай улсад болох юм. Тиймээс Макаогийн тамирчид манай улсад ирж, Монголын шигшээ багтай өнөөдөр хөлбөмбөгийн талбайд 15.00 цагаас тоглох гэж байна. Дараагийн шатанд шалгарах нь хамгийн чухал. Тиймээс доод тал нь 2:0-ээр хожих хэрэгтэй.

Sunday, April 12, 2009

Цэцээ гүн - 2009.04.12

Өнөөдөр сансрын нисэгчдийн өдөр. 1961 оны 4 сарын 12-ны өдөр Ю.Гагарин Восток3KA-2 (Восток-1 гэж алдаршсан) хөлгөөр хүн төрөлхтний дундаас анх удаа сансарт ниссэн билээ. Тус нислэгийн үеэр хэрэглэгдсэн код нь "хуш" хэмээх үг (оросоор :Кедр) байв. Восток хөлөг дэлхийн татах хүчнээс гарч, сансарт 1 цаг 50 минут орчим байсан бөгөөд дэлхийг нэг тойрсон.Нислэгийн үеэр Гагарин ТАСС агентлаг түүнийг ахмадаас хошууч болж цол ахисан тухай нэвтрүүлж буйг сонссон гэдэг. Энэ нь түүнийг амьд эргэж ирэхгүй байх хэмээн засгийн газрын холбогдох албан тушаалтнууд таамаглаж байснаас үүдэлтэй аж. Учир нь Восток хөлөг нь агаар мандалд буцаж ороод, 7000 метрийн өндрөөс нисэгчээ суудалтай нь гарган, шүхрээр буулгах гэсэн аюултай зарчимтай байлаа.
Тэр өдрийг монголчууд ёслол төгөлдөр тэмдэглэдэг байсан бол энэ жил харьцангуй нам жим өнгөрөх бололтой. Их дээд сургууль болон эрдэм шинжилгээний газрын оюутан багш сурагчид, эша-нууд амьдарч байгаа газрынхаа хамгийн өндөр газарт очиж тэмдэглэдэг байлаа. Магадгүй зарим хүмүүс өнөөдөр сансрын нисэгчдийн өдөр гэдгийг ч мартсан ч байж магадгүй юм. Гэхдээ өнөөдөр Лийбэрти Дээд Сургуулийн хэсэг магисрантууд багш нартайгаа хамтран энэ өдрийг Улаанбаатарын ноён оргил Цэцээ гүний овоонд гарч тэмдэглэлээ. Анхны бороо шаагин орсон энэ өдрийн хуртай өглөөнөөс Манзүширын хийдээс Цэцээ гүний орой уруу хүмүүсийн цуваа тасартгүй үргэлжилж байв.

Friday, April 10, 2009

Надад Нас Хайрлаач Хүмүүсээ!

САЙН САНААТ, САЙХАН СЭТГЭЛТ ХҮМҮҮС ЭЭ.
МИНИЙ ХҮҮД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЭЧ.
Доржсүрэн овогтой Хишигт хүү минь 13 настай. Аав, ээжийнхээ нар нь болж инээд хөөрөөр цалгиаж явсан хүү минь нэг л өдөр аймшигт өвчнөөр өвдөж айдас түгшүүр авч ирлээ...
Хүү минь 2009 оны 3 сард Эх Нялхасны Эрдэм Шинжилгээний Төвийн Цусны Эмгэг Судлалын тасагт хэвтэж эмчлүүлсэн боловч нарийн шинжилгээ хийлгэж онош тодруулах шаардлагатай гэж эмч нарын зөвлөсний дагуу Япон улсын “Нагоно Кенрицу” хүүхдийн эмнэлэгт ирж 2009 оны 4-р сарын 2 нд шинжилгээ хийлгэхэд цусны хорт хавдрын маш хүнд хэлбэрийн онош тодорлоо.
Миний хүүгийн биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд Монголд Улсад эмчлэх боломжгүй ясны чөмөг солих эмчилгээ хийлгэх болсон учраас эмчилгээний зардалд 200 сая төгрөг шаардлагтай болохыг Японы “Нагона Кенрицу” хүүхдийн эмнэлэг бидэнд мэдэгдсэн билээ.
“ Хөөр баяраар бялхаж, сурч мэдэхийн их оргил руу тэмүүлж яваа насандаа цусны хорт хавдраар өвчилсөн хүүгийн минь амь насыг аврахад сайн санаатай, сайхан сэтгэлтэй хүмүүс минь тусалж амьдрал хайрлаач!” гэж Япон улсын хүүхдийн эмнэлгээс бид та бүхэнд хандаж байна.
Миний хүү Монгол Улсын Ерөнхий Боловсролын сургуулийн 1 дүгээр дунд сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 7-Д ангид суралцдаг юм.
Миний хүү тоо бодож зураг зурах дуртай.
Хүү минь математикийн удаа дараагийн тэмцээн, олимпиадад 30 гаруй удаа оролцож, алт, мөнгө, хүрэл, медаль 23-ыг авч сургууль хамт олныхоо нэр хүндийг өндөрт өргөж ирсэн
Одоо Япон улсын “Нагона Кенрицу” хүүхдийн эмнэлэгт хүүгээ сахиад, хүүгээ эрүүл саруул болгохын төлөө сэтгэлийн хүнд бэрхийг туулж сууна. Та бүхнийг бидэнд туслана гэдэгт гүнээ итгэж байна.
УБ ХОТ ХААН БАНК, ЗҮҮН 4-Н ЗАМ САЛБАР:
ХАНДИВЫН ДАНСНЫ ДУГААР: 575 335 615-8 /Төгрөгийн данс/
ХААН БАНК- 575 335 666 8 /Долларын данс/
Холбоо барих утас:
99009110 /эгч В.Нандинцэцэг/
99842271 /эгч С.Хишигтогтох/
Сайхан сэтгэлт хүмүүс та бүхэнд эрүүл энхийг хүсье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай
Хүүгийнхээ төлөө бичсэн:
Аав Р.Доржсүрэн
Ээж С.Жавзандулам

Харилцах данс : Надад Нас Хайрлаач Хүмүүсээ!

Ерөнхийлөгчийн шинэхэн зөвлөх Ч.Сосормаа: Гол нь иргэдээ сонсдог байх хэрэгтэй юм байна

http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=1287 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх...